Хуульч О.Батхүү: Банкууд 20 саяар торгуулчихаад иргэдэд буцаан олгох ёстой 49 тэрбумыг өгөхгүй байгаа!

Хуульч О.Батхүү: Банкууд 20 саяар торгуулчихаад иргэдэд буцаан олгох ёстой 49 тэрбумыг өгөхгүй байгаа!

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12,000 хүн байгаа талаар мэдээлэл цацсан. Тэгвэл хуульч О.Батхүү ипотекийн зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Хуульч О.Батхүү:

-3 жилийн өмнө нэр бүхий 9 банк ШӨХТГ-ын байцаагчийн актыг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн ба ингэхдээ байцаагчийн акт хууль зөрчөөгүй болохыг тогтоосон. Банк ипотекийн зээл олгохдоо зээл судалсаны шимтгэл авдаг. Энэ нь давуу байдлаа ашигласан, өрсөлдөөнийг хязгаарласан, хэрэглэгчийг хохироох үйлдэл гэж дүгнэсэн. Ингээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7-г үндэслэн арга хэмжээ авсан. Зөрчлийн хуулийн энэ заалт 3 төрлийн шийтгэлээс аль нэгийг нь сонгох бус нийлмэл заалтай.

1) хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж

2) учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж

3) хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гэтэл банкууд 20 саяын торгуулиа төлсөн боловч хууль бусаар олсон хөрөнгөө хураалгалгүй, хохирол төлбөрийг нөхөн төлөлгүй өнөөдрийг хүрсэн.

Үүнийгээ шүүхийн дүгнэлтийг барьж тайлбарладаг. Шүүхээс банк шимтгэл авах эрхтэй боловч шимтгэлээ бодит зардалтай нь уялдуулан тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, зээл олгоход 0.5 хувьтай тэнцэх зардал гарсан бол тэрийгээ, 1 хувьтай тэнцэх зардал гарсан бол тэрийгээ ав. Түүнээс бүх банк хатуу 1 хувь гэсэн нь буруу байна гэж дүгнэсэн.

Гэтэл банкууд бид шимтгэл авах эрхтэй учраас авсан, харин тооцооллоо нөхөөд зөв болгочих юм бол зөрчил арилсан гэж үзнэ гэдэг. Миний хувьд зардалтай уялдуулж авах ёстой шимтгэлийг хатуу 1 хувь гэж тогтоосон нь буруу гэж шүүхээс дүгнэсэн, хууль бусаар авсан шимтгэлээ буцаан олгосноор зөрчлийн үр дагавар арилна гэж маргадаг.

- За одоо яагаад ШШГА дээр очоод гацсаныг тайлбарлая:

ШШГА энд хүний нэр, мөнгөн дүн, дансны дугаар алга. Тиймээс бид зээл авсан хүмүүсийн шимтгэлийг буцаах ажиллагаа хийх боломжгүй гэдэг. Би хариуд нь стратегийн өмгөөлөл хэн нэг хүний нэр дээр биш үндсэн асуудал дээр явдаг учраас шимтгэл авсан нь зөв, буруу гэж маргасан. Буруу гэдэг нь тогтоогдсон. Тиймээс "үр дагаврыг арилгах" хүрээнд шимтгэлийг буцаан олгуулах ёстой гэдэг. Тэд ойлгодоггүй.

Чамаас утас хулгайлсан хүн 200 мянгаар торгуулчихаад одоо би хариуцлагаа хүлээсэн, боллоо гэхгүй. Утас буюу чамд учруулсан хохирлыг нөхөн төлснөөр зөрчлийн үр дагавар нь арилах ёстой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.