МАН-ЫН БҮЛЭГ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

📌
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит өнөөдөр /2026.10.05/-ийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын дарга Ж.Батжаргал, бүлгийн дэд дарга А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа.

📌
Бүлгийн хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, бүлгийн гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ. Бага үнийн дүнтэй иргэний хэргийг хялбар, шуурхай шийдвэрлэх зорилгоор 2025 оны 1 дүгээр сарын 1-ээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг нэвтрүүлсэн. Гэвч практикт тодорхой хүндрэл үүссэн нь хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тогтоогдсон байна. Хүндрэлийг дараах байдлаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. -Үнийн дүнгийн босгыг тогтмол болгохоор танилцуулав. Тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийн үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 дахин гэж тооцдог. Иймд босгыг 15 сая 840 мянган төгрөг гэж тогтмол тогтоосноор шүүхийн ачаалал дагаж өсөхгүй. -Хэргийн нэхэмжлэл хүргэх ажиллагааг сайжруулах хүрээнд шүүх цахим хуудастаа нэхэмжлэлийг байршуулахаар хуулийн төсөлд тусгалаа. -Харьяалал буруу хэргийг хэрэгсэхгүй болгохгүй, өөр шүүхэд шилжүүлж, урьд хийсэн ажиллагааг тооцон, хугацааг шинээр тоолохгүйгээр үргэлжлүүлэн шийдвэрлэнэ. -Цахим хэлбэрээр зээл олгохдоо зээлдүүлэгч зээлдэгчийн хэн болох, цахим шуудангийн хаягийг баталгаажуулж, баримтын шүүхэд гаргаж өгнө.

📌
Хуулийн төслийг батласнаар тусгайлсан журмын гол зорилго болох богино хугацаанд хэрэг шийдвэрлэх нөхцөл бүрдэж, хэргийн үндэслэлгүй удааширал багасаж, Үндсэн хуульд заасан иргэний шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамгаална гэв.

📌
Бүлгийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийг 1994 онд батласнаас хойш Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ 3 дахин өргөжиж, газар нутгийн 21 орчим хувийг хамрах болсон гэв. Гэвч хамгаалалт, менежмент, санхүүжилт, нутгийн иргэдийн оролцоо, аялал жуулчлал, хот суурин үүссэн бүсийн асуудлыг цогцоор зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй болсон гэж үзжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь тусгай хамгаалалттай газар нутгийг зөвхөн хамгаалах бус, экосистемд суурилсан менежмент, тогтвортой ашиглалт, нутгийн иргэдийн оролцоо, тогтвортой санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжүүлэхэд чиглэж байгааг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Бүлгийн гишүүд хуулийн ажлын хэсгээс асуулт асууж хариулт авснаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

📌
Анх батласан 1994 оны хуульд тусгай хамгаалалтын бүсийн ялгаа буюу хамгаалалтын дэглэм бага байсан бол шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой зааж тусгажээ. -Онгон бүс – Хатуу хамгаалалт бүхий хүний нөлөөлөл бага -Онцгой бүс – Шинжлэх ухааны судалгааг зөвшөөрнө. -Хамгаалалтын бүс – Хяналт бүхий ашиглалтын зөвшөөрнө. -Хязгаарлалтын бүс – Хуулийн зохицуулалт бүхий үйл ажиллагааг зөвшөөрнө. Нутгийн иргэдийн ахуйн хэрэглээг дараах байдлаар зохицуулав. -Өвөлжөө, хаваржааг хуульчилан үе дамжин ашиглах эрхийг баталгаажуулсан. -Гэр, сууц, хашаа хороо, пүнз барих боломжийг тодорхой болгосон. -Хадлан, түлээ, шургааг зэрэг ахуйн амжиргаанд чиглэсэн уламжлалт үйл ажиллагаануудыг хуульчлан баталгаажуулна. -Ойн дагалт баялгийг экологийн даацтай уялдуулан ашиглах зохицуулалтыг тусгасан. -Байгалийн ургамал цуглуулах зохицуулалтыг шинэчлэн тусгасан байна.

📌
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь байгаль хамгаалалт, нутгийн иргэдийн эрх ашиг, тогтвортой хөгжил, аялал жуулчлал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, тогтвортой санхүүжилт болон олон улсын хамгаалалтын шинэ стандартуудыг нэгтгэсэн Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн шинэ үеийн тогтолцоог бүрдүүлж байгаа гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.