Хоёр дахь үеийн исачин гэж үү?
ИСАЧИД гэж хэн бэ?
2016 онд Солонгос хүний бичсэн нэгэн нийтлэлд Солонгосын исажимсэнто буюу нүүлгэлт үйлчилгээг голчлон Монголчууд хийдэг бөгөөд тэднийг “исачид” гэж нэрлэдэг. Монгол залуус нь бие бялдарын хувьд том, бяртай, ажлаа хариуцлагатай, багаар хурдтай, сайн ажиллаж гүйцэтгэдэг болохыг дурджээ.
[su_quote]Исаны ажил нь бусад ажлыг бодвол цаг, ажиллах орчны уян хатан байдал, өндөр цалинтай (өдрийн хөлс) зэрэг олон давуу талтай учир дурлан, хичээнгүйлэн хийх залуус олон аж. Хэдий давуу талууд олон ч хувь хүний хөгжилд хувь нэмэр бага, өсөж дэвжих боломжгүй, биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй (ихэнх нь нуруу өвддөг), залуу насанд л хийж болох богино настай хүнд ажил юм.[/su_quote]
Гэтэл ИСА эхний үеэр дууссангүй, ХОЁР ДАХЬ ҮЕд өвлөгдөж эхлэв. Үүнийг дэлгэрүүлж ярихын өмнө цагаачлалын талаар хэдэн зүйл хэлье.
Улс дамнан гадны улсад амьдарч байгаа иргэдийг цагаач гэх ба тэдний хүүхдүүдийг ХОЁР ДАХЬ ҮЕИЙН (second generation-2G) ЦАГААЧИД гэж нэрлэдэг. 2G хүүхдүүдийн цагаачлал нь эцэг эхийнхээсээ ялгаатай ба бие махбод оюун ухаан, сэтгэл зүйн хувьд илүү их бодит сорилтуудтай тулгардаг. 2G хүүхдүүд ихэвчлэн тухайн газар нутагтаа төрсөн эсвэл эх орноосоо нүүн ирсэн байдаг. Эцэг эхтэй нь харьцуулахад тухайн орны хэл соёлд нас нь бага байх тусмаа хурдан суралцаж дасан зохицож чаддаг ч нийгэм-гэр бүлийн орчин нь хүүхдийг бие хүний олон дотоод зөрчилд хүргэдэг (Солонгос эсвэл Монгол сургуульд сурдгаасаа хамаараад ялгаатай). Энэ нь ялангуяа сургуулийн насны хүүхдүүдэд илүү тод мэдрэгдэж эхэлдэг ба өөрийгөө таних үйл явцад хосолмол хэл, соёл, амьдралын хэв маягт суралцах түүнийг дагаж мөрдөх зэрэг зөрчил, хүндрэлүүд тохиолддог.
Жишээ нь: өөрийгөө гэр бүлийн орчинд Монгол хүүхэд гэж мэдрэхийг хүсдэг ч төрөлх хэлээрээ ярьж чаддаггүй, эцэг эхийнхээ яриаг ойлгодоггүй, ойлгосон ч хариулж чадахгүй зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлгүй, өөрийгөө гэр бүлээсээ гадна талд мэдрэхэд хүргэдэг.
Нийгэмд ч мөн хязгаарлагдмал боломжууд, анги ахих тусам тухайн хүүхдэд мэдрэгдэх бодит асуудлууд, ялгаварлан гадуурхалтууд хүчтэй болж эхэлдэг. Дэлхийд цагаачдын улс гэгддэг Америкт төрж өссөн (АНУ-ын иргэншилтэй) хүүхдүүдийн 10 хүүхэд тутмын 6 нь өөрийгөө “БИ Америк хүн” гэж үздэг ч нийгэм тэднийг одоог хүртэл гадаад хүн, цагаач хүүхэд гэж үзсээр байна.
[su_quote]Энэ баримт юуг хэлж байна вэ? Бидний хүүхдүүд өөрийгөө Солонгос хүүхэд гэж харж, бодож өсөж байгаа юм биш биз!? Хүүхдүүд маань өөрсдийгөө энэ нийгмийн нэг хэсэг гэж харсан ч энэ нийгэм тэднийг тэгж хүлээж авч чадах болов уу? Та өөр дээрээ жишээ аваад бодож үзээрэй. Монголд байгаа гадны хүн “Би Монгол хүн” гэхийг та хүлээн зөвшөөрч чадахуу? Яг л үүнтэй адил мэдрэмж.[/su_quote]
Саяхан бидний хэсэг судлаачид Солонгост сурч байгаа дунд, ахлах ангийн нийт 96 Монгол сурагчдаас Солонгос дахь амьдралын ерөнхий сэтгэл ханамжийн судалгаа авч үзэхэд “#Солонгост аав ээжийнхээ хажууд сайхан газар амьдарч байгаа, хичээлийн өрсөлдөөн, шахалт, ачаалал бага зэрэгт сэтгэл ханамжтай байгаа” бол нөгөө талаар “#ганцаарддаг, Монголд байгаа найз нөхдөө санаж байгаадаа сэтгэл ханамжгүй” байдаг гэжээ.
Мөн тэдний одоо болон ирээдүйд хамгийн их санаа зовоодог зүйл нь ЭЕШ, хүссэн сургуульдаа орж чадахгүй байх, хувийн цаг ихтэй ч үр дүнтэй ашиглаж чаддаггүй, мэддэггүй (хэлний хүндрэлээс үүдэлтэй), гэр бүлийн аюулгүй байдал, ээж аав нь оройтдог, хамтдаа өнгөрөөдөг цаг бага, ярилцдаггүй гэсэн нийтлэг талууд байв.
Үүнээс юуг дүгнэж болох вэ?
Бид гэр бүлдээ, хүүхдүүдээ илүү амьдралын боломж гаргаж, элэг бүтэн, өөрийнхөөсөө илүү сайхан амьдралыг бий болгож өгөх гэж хүний газар хамтдаа яваа ч амьдралын их далайд гэр бүл хэмээх завь маань зорьсон газраасаа өөр чиг рүү чиглэж яваа юм биш биз? Гадаадад байгаа эцэг эх бүхэн үр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээж, сайхан амьдралын төлөө цаг наргүй, иса, цэвэрлэгээ, гуанз, барилга гээд хар бор ажил гэж ялгалгүй хийж хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа. Гэвч харин хүүхдүүдэд бодит амьдрал дээр юу, хэн хэрэгтэй байна вэ?
Танаас би асууя - Та өсвөр насандаа юунд хамгийн их санаа зовдог байсан бэ? Гэр орны ажилд туслах, ус түлээ, хичээл ном, конкурс, хайр дурлал зэрэг хүний энгийн хэрэгцээний асуудлууд байсан болов уу.
[su_quote]Харин өнөөдөр Солонгост байгаа хүүхдүүд ‘Монголд байгаа үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж сайн сургууль авч чадах эсэхдээ эргэлзэх’, ‘өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдалдаа санаа зовинох (бичиг баримтгүй харынх гэж дуудуулах, аав ээж нь ажил хийж яваад баригдаад нутаг буцах, дахиж хэзээ ч солонгост ирэхгүй байх)’ зэрэг тархиндаа хар бодолтой, сэтгэлдээ айдастай амьдарч байна.[/su_quote]
Тэд амралтын өдрөө хичээл хийхийг биш цагийн ажил хийхийг илүүд үзэж байна. Яагаад гэвэл аав ээждээ туслаж байр, хоолны мөнгөнөөс төлөлцөх гэж тэр. Өнөөдөр энэ үйлдлийн сайн тал олон ч ирээдүйн үр дагавар нь хүүхдийн сурах идэвх, сонирхлыг бууруулж, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх тэмцэлд саад болж, биеийн хөдөлмөр эрхэлж шууд мөнгөтэй болохыг илүүд үздэг болгож байна.
ТЭД ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА:
‘Хүссэн сургуульдаа орж чадахгүй бол, болохгүй бол аавыгаа дагаад, ээж шигээ ажил хийчихнэ’ гэсэн хоёр дахь сонголтыг аль хэдийн тархиндаа хийчихсэн явж байна (харин Монголд яг одоо ахлах ангийн хүүхдүүд их сургуулийн бэлтгэл хангаад, сурч боловсрохгүйгээр сайн сайхан амьдралыг төсөөлж ч чадахгүй хичээнгүйлэн, завгүй, сурахаас өөр сонголтгүй сурч байгаа үе).
Бусад улсын туршлага ч үүнийг батлана. Олон улсын судалгааны тайлангаас харахад 2G эрэгтэй хүүхдүүд аавынхаа хийж байсан биеийн хүчний ажил, эмэгтэй хүүхдүүд нь ээжтэйгээ адил үйлчилгээний ажил хийдэг гэсэн дүн байна (World Bank, 2007). Харин ухаалаг цагаачид болох БНСУ болон бусад улсын түүхээс харвал эхний үеийн цагаачид ачааны хүндийг үүрч олсон орлогоо зөвхөн хоол унд, үр хүүхдийнхээ чанартай боловсролд зориулж, өөрийнхөө түүхийг давтуулахгүй гэж хөдөлмөрийн хүнд орчноос хүүхдээ хол өсгөдөг аж. Хүн муу юманд дасахдаа хурдан, сайн юмыг сурахдаа удаан гэдэг...
Таны өнөөдөр хайртай хүмүүсээсээ хол, өөрийн мөрөөдлөөсөө татгалзаж, хүний газар өглөөнөөс орой болтол хичээнгүйлэн ажиллаж буй зорилго юу юм бэ?
[su_quote]Үр хүүхдээ сайн хүн болгох гэж, илүү сайн боломжоор хангах гэж, үр хүүхэд тань сурч, амьдарч, хүчтэй мөрөөдөж, амжилтанд хүрч эцэг эх, эх орондоо хэрэгтэй, дэлхийн хүн болоосой гэж тэдний төлөө ажиллаж байгаа болохоос Солонгосын ХОЁР ДАХЬ ҮЕИЙН #ИСАчин, аяга угаагч, цэвэрлэгээний багийнхныг нийлүүлэх гэж биш шүү дээ.[/su_quote]
Эцэст нь танд “Би одоо юу хийж чадах вэ, хүүхдийнхээ төлөө?” гэсэн асуулт гарч байгаа бол Таны хүүхдэдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт бол тэдэнд гаргах цаг юм. Бусдын хүүхдийг сайн мэддэг шигээ өөрийнхөө хүүхдийг сонирхож судлаад, мартсан, мартагдсан сайхан зан чанар, дурсамжуудаа сэргээн санахаас эхлээд нэг үзээрэй.
Таны #хүүхэд хамгийн сайхан, онцгой #мөрөөдөлтэйг та мэдэх үү?
Та түүнтэй хамгийн сүүлд хэзээ цаг гаргаж уулзаж ярилцсан бэ? Тэдэнд тэдний мөрөөдлийн талаар ярилцаж сонсож, ойлгож, баяжуулж, чиглүүлж өгөх тэднийг хамгийн сайн ойлгох хүн яг одоо хэрэгтэй байна. Ялангуяа тэдэнд ямар ч зүйл болсон бай тэдний талд зогсох, ойлгож туслах итгэлтэй, хайртай, халуун дулаан гэр бүлийн орчин, ААВ бас ЭЭЖ түүнд хэрэгтэй байна. Том хүүхэд анхаарал бага шаарддаг ч илүү их халамж, сайн найз хамтрагчийг хүсдэг.
Хүүхдийнхээ мөрөөдөлд хүрэх хөлөг онгоц нь болж, хөөрхөн хүү, охиноо хөлөг онгоцныхоо ахмадаар сонгож тэднийг хүссэн газраа очиж амжилтынхаа эзэн нь болоход Та л тусалж чадна.
Нийтлэлийг бичсэн:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.