Орчуулагч Д.Болдбаатар: Уран зохиолын орчуулга гэдэг Ч.Ундрам сайдын хийдэг улс төрөөс их ангид холын зүйл юм шүү дээ

Орчуулагч Д.Болдбаатар: Уран зохиолын орчуулга гэдэг Ч.Ундрам сайдын хийдэг улс төрөөс их ангид холын зүйл юм шүү дээ
[su_quote]Хятад хэлний орчуулагч Д.Болдбаатарыг хятадын уран зохиолын 50 боть орчууах зөвлөлд орчоо гэж Соёлын яамнаас гуйсан атал сайд Ч.Ундрам нь учир битүүлэг шалтгаанаар хассан талаар тэр бичээ. [/su_quote]
Хятад хэлний орчуулагч Д.Болдбаатар:
-Хятадын уран зохиолын 50 ботийг монгол хэлэнд орчуулах том төсөл хэрэгжиж байгаа юм. Азийн улс орнууд харилцан бие биесийнхээ 50 сонгомол зохиолыг орчуулан хэвлүүлье. Монгол мэтийн бага буурай улс орнуудад орчуулгын болон хэвлэлийн зардлыг Хятадын талаас гаргана гэдгээ Хятад улс 2019 онд мэдэгдсэн юм.
Энэ дагуу Тайланд, Саудын араб, Казахстан зэрэг засаглал сайтай улс орнууд өөр өөрсдийн 50 ботийг хятад хэлнээс тухайн улсын хэл рүү орчуулаад бэлэн болгочихсон. Манай Монгол угаас салбар болгоны бүтээмж үр ашиг удаан юм болохоор эхлээгүй байгаа л даа.
Соёлын шинэ сайд Ч.Ундрам гарч ирсэний дараа наадмын өмнөхөн тус яамны нэг түшмэл хүүхэн надад уг орчуулгын төслийг хариуцсан зөвлөлд оролцох бололцоотой юу гэдэг санал тавьсан. Би насаараа хятадын уран зохиолын салбарт ажилласан хүний хувьд боломжтой гэдэг хариуг хэлсэн. Миний ганц мэдэх, чадах зүйл юм чинь.
[su_quote]Гэтэл ердөө долоо хоногийн өмнө соёлын сайд Ч.Ундрам уг зөвлөлийг шинээр эмхэтгэн зохион байгуулсан. Түүндээ мөхөс намайг оролцуулах боломжгүй болсон тухай хариуг ирүүлжээ. Би уг төсөлд оролцоё гэдэг бодол угаас байгаагүй. Гэтэл янз үзэж байгаа юм шиг ийм сонин үйлдэл хийж байгаа нь яаж ч байгаа шүү юм бол доо?[/su_quote]
Уран зохиолын орчуулга гэдэг Ч.Ундрам сайдын хийдэг улс төрөөс их ангид холын зүйл юм шүү дээ. Угтаа бол оюуны дээд эрэмбийн ажил үйл бөлгөө.
Миний хувьд амьдралынхаа 40 гаруй жилийг хятадын уран зохиолын амаргүй, адармаатай ажил үйлд зориулсан. Түүний хүчинд 20 шахам том бүтээлийг орчуулан гаргажээ. "Гурван улсын үлгэр", "Усан хөвөөний шастир", "Баруунш зорчсон тэмдэглэл", "Гурван биет", "Чонон сүлд", "Төвд банхар", "Чингис хаан", "Богд Миларайвагийн тууж зохионгуй" гээд цувруулаад байвал Монголын ард түмний сонор мэлмийг мялаасан том бүтээлүүд 20 шахмыг орчуулжээ.
Тэр болгоноос уг сонгомол бүтээлийн 50 цувралд ганцыг ч оролцуулахгүй. Өөрийн бүрдүүлсэн багийн хүчээр шинэ 50 ботийг орчуулж гаргахаар зориг шулуудсан Ч.Ундрам сайдын оволзсон эрч хүчийг бахдахгүй байхын аргагүй. Гэхдээ энэ салбарын халуун тогоонд насаараа буцласан хүний хувьд туйлын амаргүй дээ гэдгийг хэлэхгүй байж чадашгүй нь.
[su_quote] Юутай боловч Ч.Ундрам сайдын зориглон эхлүүлсэн, чих дэлсээд байгаа сонин эвлүүлэг цуглуулга юу болохыг хамтдаа харж байцгаая. 1950 оны үед Хятадад орчуулагдсан тухайн үеийн монголын зохиолчдын түүвэр зохиол, Хятад хэлнээс Өвөрмонгол орчуулагчдын орчуулсан цөөнгүй бүтээлүүдийг оруулах маягтай зүйл сонсогдоод байгаа. Бараг тийм чиглэлийн эвлүүлэг, цуглуулга, орчуулга биш оршуулгууд хийгдэж магадгүй байж мэдэх юм шүү.[/su_quote]
Хэрвээ тэгвэл туйлын хариуцлагагүй зүйл болж мэдэхийг хэлэх юун. Хамтдаа харж хүлээж байцгаахаас даа. Ихээхэн итгэл хүлээлт өгч байсан соёлын шинэ сайд маань ямар ч байсан орчуулгын салбарт хийж байгаа анхны алхам нь урагш муутай эхлэх нь үү дээ? Бусад салбарт буруу замаар битгий будаа тээчихээсэй билээ.
Би хэл амтай хэрүүл уруултай энэ төсөлд оролцох сонирхол алга аа. Харин соёл урлагийн бусад салбарыг энэ мэт битгий самраад хаячихаасай билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.