Улсын аварга адуучин Г.Буянхүү: Эрлийз адуу монголын цөм сүрэг рүү орж генийг нь алдагдуулж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол адуучин" үндэсний чуулганыг зохион байгууллаа. Энэ үеэр бид уяачдаас энэ салбарын гол маргааны сэдэвю болох эрлийз, монгол адууны талаар тодрууллаа.
Улсын аварга адуучин Г.Буянхүү:
-Манай морины салбарынхны дунд монгол адууг хэвээр нь авч үлдэх үү, эсвэл эрлийзжүүлж хурд хүчийг нь сайжруулах уу гэдэг маргаан тасрахгүй байна. Энэ бол зөвхөн уяачдын асуудал биш, үндэсний хэмжээний сэтгэл түгшээсэн асуудал болоод байна.
Анх төр засгийн удирдлагууд, хөрөнгө мөнгөтэй компанийн захирлууд гаднаас адуу авчирч хурдлуулж эхэлсэн нь өнөөдөр хэрээс хэтэрч, монгол адууны цөм сүрэг рүү эрлийз цус хүчтэй нэвтэрлээ. Үүний уршгаар монгол адууны олон мянган жилийн турш бүрэлдсэн тэсвэр тэвчээр, идэш уушаа олох чадвар, байгалийн хатуу ширүүнийг даах дархлаа алдагдаж байна.
Монголчууд эрт дээр үеэс адууны яамтай байж, морио шинжлэх ухааны түвшинд таньж мэддэг байсан ард түмэн. Гэтэл өнөөдөр энэ гайхамшигт генийн санг эрлийз адуугаар сольж байгаа нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц асуудал юм. Монгол адууны өвөг эцэг нь говийн хулан, тахь юм. Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгорын говиудад нутагладаг энэ амьтад газар шорооны амьтай, усгүй газар ус гаргаж уудаг, өвчин эмгэгт тэсвэртэй байдаг.
Говийн намхан, богино хөлтэй адууны амьдрах чадвар бол байгалийн гайхамшиг юм. Гэтэл сүүлийн үед хүмүүс зөвхөн хурд харахаас биш, мориныхоо сэтгэлзүй, уг чанарыг шинжихээ байлаа. Монгол морь эзэндээ, эзэн нь мориндоо итгэдэг гүн гүнзгий шүтэлцээ байдаг.
Бяцхан хүүхэд мориныхоо хөл доогуур гүйж, маажиж байхад монгол морь хэзээ ч хүүхэд өшиглөж, гэмтээдэггүй тийм уужуу тайван амьтан. Энэ бол байгаль, хүн, мал гурвын салшгүй холбоо юм.
Харин эрлийз адуунд ийм сэтгэл зүй, адуугаа хураах чадвар, байгалийн зөн совин дутмаг байна. Эрлийз адууг дагаад уушгины өвчин, халдварт саа зэрэг өмнө нь байгаагүй элдэв өвчин эмгэг орж ирж байна. Түүнчлэн тэд өвөл, хаврын хатуу цагийг тэжээлгүйгээр давж чадахгүй.
Монгол адуу намар таргалаад, өвөл нь тэр таргаараа хүйтнийг ажрахгүй давдаг бол эрлийз адуу байнгын арчилгаа, тэжээл шаарддаг сул талтай. Төрийн бодлого энэ тал дээр маш хатуу байх ёстой.
Гадаадаас адуу оруулахыг хязгаарласан гэдэг ч бодит байдал дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, өндөр үнээр эрлийз адуу оруулж ирэх явдал зогсохгүй байна.
Энэ нь цаашлаад үндэсний спорт болох жороо морины уралдаанд ч нөлөөлж эхэллээ. Жороо морь бол монгол хүний гангараа, өв соёл юм. Үндэсний жороо морины холбооноос үүнийг спорт болгон хөгжүүлж байгаа ч энд бас л эрлийз морьд түрэн орж ирж байна. Хэрэв төр засаг бодлогоо чангатгахгүй бол монгол адууны гайхамшигт чанар, өв соёл бүхэлдээ устах аюул нүүрлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.