Д.Оюунбадам: Манай улсын хувьд төсвийн нээлттэй байдал 2023 онд 62 оноо авж байсан бол 2025 онд 64 оноо аваад байна
Дэлхийн улс орнуудыг төсвийн нээлттэй байдал, иргэдийн оролцоог хангах албан ёсны механизм болон парламент, аудитын байгууллагын хяналтын тогтолцоо гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр ижил аргачлалаар үнэлдэг.
Хоёр жил тутамд хийгддэг энэхүү судалгаанаас харахад Монгол Улсын төсвийн нээлттэй байдал харьцангуй сайжирч байна. Тухайлбал, 2023 оны судалгаагаар 62 оноо авч байсан бол энэ онд 64 оноотой үнэлэгджээ. Иргэдийн оролцооны хувьд өмнөх судалгаагаар 19 оноо авч байсан бол энэ удаад Засгийн газрын зүгээс иргэдийг оролцуулах түвшин 35 хувьд хүрч, төсөв боловсруулах шатанд иргэдийн оролцоог хангах байдал нэлээд дээшилсэн байна. Хяналтын тогтолцоо буюу Улсын Их Хурал болон аудитын байгууллагын хяналт 74 оноотой гарсан хэдий ч цаашид анхаарч, сайжруулах шаардлагатай асуудлууд цөөнгүй байна.
Төсвийн нээлттэй байдлын хүрээнд төсвийн төсөл, хүрээний мэдэгдэл, батлагдсан төсөв, явцын тайлан, иргэдийн төсөв, гүйцэтгэлийн аудитын тайлан зэрэг үндсэн найман баримт бичгийг нийтэлж, ил тод болгосон. Гэвч эдгээр баримт бичгийн агуулгыг чанаржуулах шаардлагатай байна. Хамгийн бага оноог хагас жилийн тайлан (100-аас 29 оноо) авсан бөгөөд үүнд макро эдийн засгийн прогноз, татварын болон татварын бус орлого, зарлагын дэлгэрэнгүй ангиллыг тусгах хэрэгтэй байна. Улсын Их Хурлаас баталж буй Төсвийн тухай хуулийн мэдээлэл харьцангуй товчхон байгаа нь 39 оноо авснаас харагдаж байна. Одоогоор төсөв захирагчдын орлого, зарлагыг ерөнхий дүнгээр нь тусгаж, хөрөнгө оруулалт болон урсгал зардлыг хэт ерөнхий ангилж байгаа юм.
Үүний оронд эдийн засгийн ангиллаар буюу цалин хөлс, бараа үйлчилгээний зардал, мөн зориулалтын ангиллаар буюу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ тус бүрээр нарийвчлан батлах шаардлагатай байна. Төсвийн тухай хуульд заасны дагуу аливаа амлалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төсөвт тодорхой тооцоололтой тусгах нь чухал юм. Мөн төсвийн зардлыг оновчтой төлөвлөж, хэмнэж болох зардлуудыг танах хэрэгтэй байна. Сүүлийн үед тоног төхөөрөмж, программ хангамжид ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа тул цахимжилтыг ашиглан бүтээмжийг дээшлүүлж, төрийн албан хаагчдын орон тоонд үнэлгээ хийж, цомхотгох зэрэг зохицуулалтыг тухай бүрд нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Олон улсын жишгээр Шинэ Зеланд, Австрали, Гүрж зэрэг улсууд төсвийн үзүүлэлтээр тэргүүлдэг. Ази, Номхон далайн бүс нутагт Киргиз улс манайхаас өндөр оноотой байгаа бол Монгол Улс Вьетнамаас дээгүүр жагсаж байна.
Иргэдийн оролцооны хувьд Шинэ Зеланд, Өмнөд Солонгос зэрэг улсууд дэлхийд тэргүүлдэг бол Хятад улс энэ үзүүлэлтээр маш доогуур байдаг. Манай улсын хувьд эдгээр тэргүүлэх орнуудтай харьцуулахад оролцооны түвшин хангалтгүй хэвээр байна. Төсөв ил тод байснаар татвар төлөгчид хөрөнгө юунд зарцуулагдаж байгаад хяналт тавих, амьдрах орчноо сайжруулах санал өгөх, төлөвлөлтөд нөлөөлөх боломж бүрддэг. Шилэн данс болон бусад мэдээллийн сувгаар дамжуулан зарцуулалтын үр ашгийг хянаж, шаардлагатай бол Улсын Их Хуралд өргөдөл гаргах зэргээр иргэд идэвхтэй оролцох нь төсвийн хариуцлагыг дээшлүүлнэ. Төсөв хариуцлагатай байх нь эргээд иргэдийн нийгэм, эдийн засгийн амьдрал дээшлэх үндэс болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.