Модон жорлон, өндөр үнэ, дэд бүтцийн асуудал Монголын аялал жуулчлалын “эмзэг цэг” хэвээр байна

Модон жорлон, өндөр үнэ, дэд бүтцийн асуудал Монголын аялал жуулчлалын “эмзэг цэг” хэвээр байна

“Жуулчны тоо өсөвч жуулчны сэтгэл ханамж өссөн үү?”

Модон жорлон, өндөр үнэ, дэд бүтцийн асуудал Монголын аялал жуулчлалын “эмзэг цэг” хэвээр байна.

 Монгол Улсыг зорих гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй эерэг үзүүлэлт гарч байна. 2026 оны тавдугаар сарын 6-ны байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 222,642-д хүрч, ердөө зургаахан хоногийн дотор 14,500 гаруй хүн шинээр иржээ.

Албан статистикаас харахад 2023 оны дөрөвдүгээр сарын 30-нд 141,217, 2024 онд 132,888 байсан жуулчдын тоо 2025 онд 176,915 болж өссөн бол 2026 онд 208,129 хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

 Гэвч жуулчны тоо өсөж байгаа нь салбарын чанар сайжирч буйг илтгэхгүй гэдгийг аялал жуулчлалын салбарынхан өөрсдөө хэлдэг.

Учир нь Монголд ирсэн жуулчдын сэтгэгдэлд давтагддаг хэд хэдэн асуудал олон жил шийдэгдэлгүй үлджээ.

“Байгаль гайхамшигтай ч аяллын нөхцөл хэцүү” Сүүлийн жилүүдэд Монголд ирсэн Солонгос жуулчдын сэтгэгдэлд: ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ муу, холын замд түр амарч суух цэг ховор, үйлчилгээний үнэ бодит өртгөөс өндөр, англи болон солонгос хэлтэй мэдээлэл дутмаг, нийтийн бие засах газар стандартгүй гэх шүүмжлэл түгээмэл гарчээ.

Ялангуяа хөдөө орон нутгийн аяллын маршрутад “модон жорлон” гэх ойлголт одоо хүртэл хэвээр байгаа нь гаднын жуулчдад хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг асуудлын нэг болсон байна.

Зарим жуулчид “Монголын байгаль дэлхийд ховор ч аяллын дэд бүтэц нь 10 жилийн өмнөх мэт санагдсан” хэмээн сэтгэгдлээ үлдээдэг аж.

Солонгос жуулчдын урсгал яагаад саарав? Аялал жуулчлалын салбарынхны хэлж буйгаар өнгөрсөн жилүүдэд Солонгос жуулчдын тоо харьцангуй буурсан нь нислэгийн үнэ, үйлчилгээний стандарт, аяллын тав тухтай шууд холбоотой байжээ.

Солонгос жуулчид богино хугацаанд олон газар үзэх, цэвэр орчин, стандарт үйлчилгээ чухалчилдаг. Гэвч Монголд: 6-8 цагийн урт замд амрах цэг цөөн, нийтийн ариун цэврийн өрөө хүрэлцээгүй, зарим аяллын бааз өндөр үнэтэй ч үйлчилгээ сул байдаг нь дахин ирэх сонирхлыг бууруулдаг талаар тур операторууд ярьж байна.

Тоо өсөхөөс илүү “дахин ирэх жуулчин” чухал Салбарын эдийн засагчид жуулчны тоо өсөхөөс гадна “дахин ирдэг жуулчин”-ы хувь хамгийн чухал үзүүлэлт гэдгийг онцолдог.

 Өөрөөр хэлбэл, Монголыг зорьж ирсэн хүн: найздаа санал болгодог уу, дахин ирэх хүсэлтэй үлддэг үү, сошиал орчинд эерэг сэтгэгдэл түгээдэг үү гэдэг нь урт хугацааны амжилтыг тодорхойлно.

 Хэрэв дэд бүтэц, ариун цэврийн асуудал, үйлчилгээний стандарт шийдэгдэхгүй хэвээр бол жуулчны урсгал “огцом өсөөд буцаж буурдаг” мөчлөг давтагдсаар байх эрсдэлтэйг салбарынхан анхааруулж байна.

Аялал жуулчлал зөвхөн байгалиар тогтохгүй Монгол Улс байгаль, нүүдлийн соёл, онгон тогтоцоороо дэлхийд өрсөлдөх давуу талтай.

Гэвч өнөөдрийн бодит байдал дээр: зам дагуух стандарт амрах цэг, цэвэр ариун цэврийн байгууламж, жуулчны мэдээллийн төв, олон хэлтэй үйлчилгээ, үнийн нэгдсэн хяналт зэрэг суурь асуудлууд шийдэгдэхгүй хэвээр байна. Жуулчдын тоо нэмэгдэж байгаа энэ үед салбар “тоо”-нд биш “чанар”-т төвлөрөхгүй бол Монгол Улс “нэг удаа очоод үздэг орон” хэвээр үлдэх эрсдэлтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.