С.Даяар: Туулын хурдны зам гэх төсөл Нийслэл хотын түгжрэлд ямар нэг ач холбогдол өгөхгүй

Хатан туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж, Австралиас ирсэн С.Даяарын яриаг хүргэж байна. 

-Нийслэлээс хэрэгжүүлэх гэж буй төслүүдийг сүүлийн найман жилийн турш судалсан хэдий ч хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байна. Богино болон урт хугацааны шийдлүүдийн талаар холбогдох хүмүүст сануулж, шүүмжилж байсан ч хариу өгдөггүй байв. Харин азаар Туулын хурдны замын төслөөс эхэлснээр нийслэлчүүд хотын төслүүдэд анхаарал хандуулж эхэллээ. Учир нь энэ төсөл нийслэлийн түгжрэлийг бууруулахад бодит ач холбогдол өгөхгүйгээс гадна маш их хэмжээний өр тавьж, үр ашиггүй бүтээн байгуулалт хийх гэж байгаад иргэд бухимдалтай байна.

Нийслэлд хийх шаардлагатай олон ажил байхад хамгийн өндөр өртөгтэй төслөөс эхэлж байгаад харамсаж байна.

Туул, Сэлбэ, Дунд гол бол Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмж, иргэдийн амарч салхилдаг цөөхөн газруудын нэг. Гэтэл энэ байгалийн унаган төрхийг алдагдуулж, өр тавин байж хотынхоо нүүрэн дээр "сорви" үлдээх гэж байна.

Уг нь хурдны замыг хотын дундуур бус, Богд уулын урдуур тойруулж, огтлолцолгүй уулзвар хийх байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Улаанбаатар хотын түгжрэл төв цэгээсээ буюу зүүн, баруун дөрвөн зам орчмын зохицуулалтгүй уулзварууд, үндсэн ачааллыг авдаг гол гудамжуудаас эхэлдэг.

Дэлхийн бусад хуучин хотууд ч анхнаасаа төлөвлөлтгүй баригдсан байдаг ч тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөний зөв зохицуулалт хийж асуудлаа шийддэг. Гэтэл манайд ийм зохицуулалтын ажил нэгийг ч хийлгүй, зөвхөн Туулын хурдны зам ярьж сууна.

Түгжрэлийг бууруулахад заавал их хэмжээний мөнгө шаардахгүйгээр, богино хугацаанд дотоод нөөц боломжоороо хийчих боломжтой ажлууд олон бий. Гэтэл нэг, хоёрдугаар алхмаа алгасаад шууд гуч дахь ажлаасаа барьж авч байгаад харамсаж байна.

Бид түгжрэл гэдэг сэдвийг ярьж, дугаарын хязгаарлалт хийгээд 15 жил болсон ч үр дүнд хүрсэнгүй. "Зам бариад түгжрэл буурдаг" байсан бол өнгөрсөн хугацаанд барьсан замууд үр дүнгээ өгөх ёстой байлаа.

Өнөөдөр нийслэлчүүдэд нийтийн тээврээр зорчих, явган алхах, дугуй скүүтер унах ямар ч аюулгүй, таатай нөхцөл алга. Туулын хурдны зам барьснаар түгжрэл 30 хувиар буурна гэдэг нь ямар ч үндэслэлгүй, хэт өндөр тоо юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дахин тойрог зам барих шаардлагатай болж, нэмэлт өр зээл тавин, дор хаяж 10 жил хүлээнэ. Иргэд энэ хүртэл дахиад л түгжирч, тэгш сондгойгоор зорчиж амьдрах уу?

Угтаа түгжрэлийг шийдэх эхний алхмууд нь замын хөдөлгөөний урсгалыг зөв зохион байгуулах, үүнд суурилсан оновчтой нийтийн тээврийн системийг нэвтрүүлэх явдал юм. Хэрэв энэ замыг өөр газар барих байсан бол иргэд "зам нэмэгдвэл түгжрэл буурна" гэсэн өрөөсгөл ойлголтоор алга ташаад өнгөрөх байсан биз.

Харин Туул гол хөндөгдсөнөөр нийслэлийн "Алсын хараа 2050" зэрэг төслүүдийг эхнээс нь эргэн харж, оновчтой эсэхийг нь дүгнэх шаардлагатай боллоо.

Улаанбаатар хотод өсөж торнисон, залуу Ерөнхий сайд энэ асуудалд онцгой анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Бид зам дээр өдөрт хэдэн цагийг үр дүнгүй өнгөрөөж, эрүүл мэнд, цаг хугацаа, бүтээмжээрээ хохирсоор байж болохгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.