Сэтгэл судлаач Ц.Үүрцайх: Хамгийн өөрийнхөөрөө, тайван байх тэр орчин бол ЭХ ОРОН
[su_quote]БНСУ дахь НАМҮ хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн сэтгэл судлаач, доктор Ц.Үүрцайхтай солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууд, тэдний хүүхдүүдийн боловсрол, сэтгэлзүйн асуудлаар ярилцсан билээ. [/su_quote]
Сэтгэл судлаач, доктор Ц.Үүрцайх:
-Хүн төрөлхтөнд ямар зүйл тохиолдож болно. Саяын пандемик шиг үеүд зөндөө тохиолдоно. Ядаж л газар хөдлөлт болоход хүн хаачдаг юм. Эх орон руугаа л гүйдэг. Эцэг эхчүүд нь ч гэсэн үр хүүхдэд нь асуудал тулгарвал эх орон руугаа л хүүхдээ дуудна. Тийм учраас эх оронтой хүн баян байдаг юм. Эх орон гэдгийг хүүхдүүддээ багаас нь ойлгуулах нь чухал. Солонгост амьдарч байгаа хүмүүс "за болохгүй бол харих эх оронгүй юм биш. Эх орон руугаа буцна гэдэг."
Гэтэл солонгост төрж, өссөн хүүхдүүд тэнд ялгаварлан гадуурхалтыг мэдрээд, дээрлэхэлтийг мэдрээд, дандаа айдас түгшүүрийг мэдрээд байхаар тайван байх орчныг хайж эхэлнэ. Харин тэр тайван байх орчин бол ЭХ ОРОН.
Чи үргэлж тосоод авах эх оронтой хүн шүү гэдэг мессежийг хүүхдүүдэд өгөх хэрэгтэй. Гэтэл манай эцэг эхчүүд тийм биш байна.
[su_quote]2022 онд солонгосчууд маш олон цагаач хүүхдүүдийг визтэй болгосон. Тэгээд монголд очоод ирсэн хүүхдүүд "Монгол муухай биш л юм байна шүү дээ. Ядаж л монголын салхи нь ямар сэрүүхэн юм бэ. Монголд бүтэн амьсгалж болдог юм байна. Монгол залуус ямар гоё чөлөөтэй, стильтэй юм бэ. Монгол таван хошуу мал ямар сонин юм бэ. Солонгост зоопаркт харсан хониноос шал өөр байсан. Хүрч болдог юм байна. сааж үзлээ..." гэх мэтээр их өөрөөр хараад ирсэн. [/su_quote]
Эцэг эхчүүд амнаас ам дамжин, сошиалаар эх орноо харлуулаад байдгаас болоод хүүхдүүддээ буруу ойлголт өгсөн байдаг. Тиймээс үр хүүхдэдээ эх орных нь тухай, үүх түүх, өв соёл, ямар цаг үеийг туулж энэ цагт ирсэн талаар маш зөв ойлголт өгдөг байх хэрэгтэй.
Харамсалтай нь эцэг эхчүүд энэ сайхан үүх түүхээ хүүхдүүддээ дамжуулахад маш хүндрэлтэй болчихож. Хэлний саад үүсчихсэн.
[su_quote]Монголд байгаа зарим гэр бүлийг харахад үнэхээр харамсалтай санагдсан. Эцэг эхчүүд нь англиар ярьдаггүй атал хүүхдүүд нь дуржигнатал англиар яриад байдаг болчихож. Энэ нь зөв юм уу, буруу юм уу, сайхан юм уу, муухай юм уу? Хүүхдүүдтэйгээ ойлголцохоо больсон байна шүү дээ, эх орондоо амьдарч байж.[/su_quote]
Солонгост өсвөр насны хүүхдүүд ирж байна. Аав, ээжтэйгээ ойлголцож чадахаа больчихсон. Тэр хүүхдүүдийн эх хэл нь англи, аав ээжийнх нь эх хэл монгол хэл. Аав ээжийн англи хэл дээрх үг 2000-3000 байхад хүүхдүүдийнх 10000 орчим. тэгэхээр сэтгэлзүйг нь, танин мэдэхүйг нь ойлгож чадахаа больчихдог. Үүнээс үүдээд гадаад хүнтэй гэр бүл болсон монголчуудын дунд маш их гэр бүл салалт маш их болсон. Ялангуяа ээжүүд.
[su_quote]Залуудаа очоод, богино хугацаанд сайн сураагүй хүмүүс дараа нь сурна гэдэг төвөгтэй болчихдог. Тэгэхээр хэрэглэж байсан цөөн үгэндээ л амьдраад сурчихдаг. Гэтэл хүүхдүүдтэйгээ ойлголцож чадахгүй болдог. Хүүхдүүд нь хүртэл "заа за ээж угаасаа ойлгодоггүй юм чинь" гээд харилцахаа болино. Ингээд гадаадад амьдарч байгаа стресс дээр нэмээд хүүхэдтэйгээ ойлголцохоо болиод ирэхээр амьдрал утга учиргүй болоод хүүхдүүдээ аавд нь үлдээгээд салдаг эсвэл хүүхдээ аваад эх орон руугаа буцах тохиолдол маш их байна. [/su_quote]
Аав, ээж нь хоёулаа солонгосоор сайн ярьж байгаа гэр бүлүүд маш сайн байна. Гэхдээ үнэхээр сайн боловсрол эзэмшсэн цөөхөн гэр бүл л ийм байна. Зарим тохиолдолд гэр бүлийн аль нэг нь тухайн орны хэлээр сайн ярьдаг байхад нөгөөх нь муу болчихдог. Тэгээд сайн хэлтэй нь нийгмийн харилцаанд ороод, сургууль соёлоо хөөцөлдөөд, хүүхдүүдтэйгээ ойр ажиллаад эхэлдэг. Гэтэл муу хэл сурсан нь тэр гэр бүлдээ гадаад хүн болдчихдог.
Мөн солонгос хүүхдүүдтэй харьцуулахад цагаач хүүхдүүдийн сурлагын түвшин маш доогуур байдаг. Энэ нь дунд сургуулийн гэрчилгээ, их сургуульд элсэж орж байгаа үнэлгээнээс шууд харагддаг.
Монгол эцэг эхчүүд солонгосын боловсролын системийг маш сайн гэж боддог ч үнэндээ маш доголдолтой. Үнэгүй гэж байгаа боловч асар их мөнгө төлөх шаардлага гардаг. Дамжаанд суухаас өөр аргагүй болдог.
Солонгосын бодлогод "гадаад хүүхдүүдийн өсөлтийг маш сайн дэмжих, сурлагын хоцрогдлыг бууруулах, сайн сурч байгаагаар нь лидерүүд бэлдэнэ, бүр болохгүй бол ажилчин хийлгэнэ" гээд төлөвлөчихсөн байдаг.
Тиймээс би 2018 онд "2-р үеийн "исачид"-ыг бэлдмээргүй байна" гэж нийтлэл бичиж байсан. "Исачин" бол айл нүүлгэдэг хүмүүс. 1-р үеийн "исачин" буюу аав нар нь хүнд юм үүрч нуруугаа өвтгөөд, нүд амаа сохолчихсон, тахир дутуу болчихсон зөндөө хүмүүс бий. Нэгдүгээр үе нь эрүүл мэндээрээ хохирчихсон учраас 2-р үе буюу хүүхдүүдийнхээ боловсролд анхаараач ээ, битгий өөрсдийнхөө дараа үеийг бэлдээч гэж байгаа юм.

[su_quote]Цагаач хүүхдүүд маш сайн солонгос хэл сурлаа ч уугуул хүмүүсээс 30 хувь доогуур байдаг. Тиймээс хүүхдүүдээ хос хэлтэй болгох хэрэгтэй. Хос хэлтэй хүмүүст дараа дараагийн боломж үргэлж нээгдэнэ. Өнөөдөр дэлхийн 8 тэрбум хүний 43 хувь нь хос хэлтэй, 17 хувь нь гурван хэлтэй, тэгээд түүнээс дээш хэлтэй. [/su_quote]
Солонгост байгаа хүүхдүүд солонгос хэлээ үзнэ, англи хэлийг төдийлөн сайн сурахгүй. Тэгээд төрөлх монгол хэлээ сурахгүй бол тэгээд сурч амжихгүй. Гэтэл хятад, япон, вьетнам ээж нар хүүхдээ сургуульд ортол нь ганцхан өөрийнхөө эх хэлээр ярьдаг. Энэ бол эх оронч үзэл. Эх оронч үзэл гэхээсээ илүү хүүхдээ үнэ цэнтэй ажилтан болгож өсгөж байгаа хэрэг.

Эцсийн дүндээ бидний өсгөж байгаа хүүхдүүд хөдөлмөрийн зах зээл дээр гарна. Тэр үед ур чадвараа хэдэн тэрбум доллараар үнэлүүлж чаддаг хүмүүсийг бэлдэх чухал. Түүний тулд энэ хүмүүсийн нөөцийг нэмэгдүүлье. Нөөцийг нь нэмсэн хүүхэд стрессээ спортоор, дуу хөгжмөөр, уран зургаар, хоол хийж гаргана. Эхнэрээ зодож, архи ууж стресээ гаргадаг хүмүүс биш. Ажил дээрээ бүтээмжтэй хүмүүсийн эдийн засаг өснө, амьжиргаа сайжирна. Ийм иргэнийг бэлдэхийн тулд Солонгост эх хэлний сургалт, соёлын сургалтыг сайн сургах гэж уриалж байна.
Солонгост бага залуудаа очоод, хүүхэдтэй болсон хүмүүсийн хамгийн их харамсдаг зүйл эх хэл. Би яагаад хүүхдэдээ эх хэлийг нь сургасангүй вэ гэдэг. Өмнөх нь үе нь хэлээд байхад л, "завгүй байна, боломжгүй байна, болох байх аа" гэсээр байгаад хүүхэд нь хэл сурдаггүй.
Хүмүүс би монгол хэлээ мэддэг юм чинь миний хүүхэд сурчихна гэж боддог. Уучлаарай, тийм биш. Тэгвэл өөрөө гадаадад амьдраад байгаа юм байж яагаад англи хэл сурахгүй байгаа юм, яагаад солонгос хэл сурахгүй байгаа юм. Та маш сайн дуулдаг байсан ч таны хүүхдийн дуулах чадварыг сайн хөгжүүлж, нээхгүй бол дуулахгүй. Түүнтэй ижил танд байгаа зүйл танд л байгаагаас биш таны хүүхдэд байгаа зүйл биш. Тийм юм бол яагаад хүүхдүүд чинь монголоороо ярьж чадахгүй байгаа юм.
Манай хүүхэд бүгдийг нь ойлгодог, хариулж л чаддаггүй юм гэдэг. Үгүй. Хариулж чадахгүй байгаа шалтгаан нь ойлгохгүй байгаатай холбоотой. Үг мэдэхгүй байна, өгүүлбэр холбож чадахгүй байна гэсэн үг. Тиймээс хүүхдийнхээ эх хэлээ сурахад өдөрт хорин минут л анхаарахад хүүхэд шал өөр болно. Эх орондоо очихдоо аав ээж, ахан дүүстэйгээ монголоор мэндчилдэг, монголоор ярьдаг, хүний хүн биш өөрийн хүн авчирч танилцуулаарай гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.