Чимээгүй тахал - Дотоод орчны агаарын бохирдол
Саарал хотын иргэд утаан дундуур туучиж гэртээ, эсвэл ажлынхаа оффист орж ирээд утаанаас холдлоо гэж санаа амардаг. Гэтэл дотоод орчны агаарын бохирдол гаднах орчны агаарын бохирдлоос 5 дахин их байдаг гэх судалгаа байна. Манай улсад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2008 онд хийсэн дотоод орчны агаарын чанарыг үнэлэх судалгаагаар дотоод орчны агаарын чанарт түлш болон сууцны төрөл нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Том болон нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж агууламж орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байгааг тогтоосон байна. Харин түүхий нүүрс түлсэн гэр, галладаг байшинд амьдардаг өрхийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байжээ. Тэгвэл дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэр ,сөрөг нөлөө, бууруулах арга зам юу вэ?
Дотоод орчны агаарын бохирдол урагт сөргөөр нөлөөлдөг

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг. Дэлхийн хэмжээнд 3 тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын болон архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа зүрх судасны өвчлөлийг үүсгэж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн бага жинтэй төрөлт болон төрөлтөд сөргөөр нөлөөлдөг нь анхаарах асуудлын нэг юм. 2013 онд хийгдсэн судалгааны үр дүнгээр орон сууцны шал болон барилгын бусад материалын шинж чанараас хамааран дотоод орчны агаарт ДОН-ийн агууламж ихэссэнээр оршин суугчдын толгой өвдөж ядрах, нүд болон хоолой үрэвсдэгийг тогтоосон байнаЭнэ бүхэн нь цэвэр агаараар амьсгалах нь хүний эрүүл байх үндэс гэдгийг бэлхэнээ харуулж байна Гэхдээ дотоод орчны агаарын бохирдолд бүх хүн өртдөг ч эрүүл мэндийн байдал, нас, ажил мэргэжлийн онцлог хүчин зүйлээс хамааран өртөх хугацаа гадаад орчноос ялгаатай гэдгийг санах хэрэгтэй.
Дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэр
Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биенд нэвтэрч уушигны хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Олон төрлийн барилгын материал, дотоод засал чимэглэлд ашиглаж буй материал болон бусад эд зүйлсээс барилгын дотоод орчинд ялгарч агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдлүүд байдаг.
Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах боломж
Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд нэн түрүүнд гэртээ тамхи татдаг бол та яг одоо зогсоож гэр болон оффистоо агаар шүүгч тавих нь дотоод орчны агаарын бохирдыг бууруулах эхний алхам. Харин Бохирдлыг анхнаасаа үүсгэхгүй байх арга нь орон сууцыг шинээр барьсан болон өөрчлөн засварласан барилгыг ашиглалтанд оруулахын өмнө дотоод орчны агаарын чанар болон бусад үнэлгээ хийх талаар эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд ийм үнэлгээ хийгдэхгүй байгаагаас оршин суугчид тэдгээр ДОН болон бусад барилгын материалаас ялгарах хортой нөлөөлөлд өртөх эрсдэлд хүргэж болзошгүй байна. Иймд цаашид барилга байгууламжийг шинээр барьж, өөрчлөн засварлан ашиглалтанд оруулахдаа дээр дурдсан стандартад заасан дотоод орчны агаар бохирдуулагчийн агууламжид тавих хяналтыг сайжруулснаар хүн амыг химийн хортой бодисын нөлөөлөлд өртөхөөс сэргийлж, эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах нөхцөл бүрдэх юм.
Нийтлэлч М.Уянга
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.