С.Эрдэнийн огцрох 15 үндэслэл

С.Эрдэнийн огцрох 15 үндэслэл

Модернист яруу найрагч Б.Галсансүх 'Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй' хэмээн шүлэглэсэн нь бий. Түүн шиг олигархи удирдагч С.Эрдэнэд огцрох 15 шалтгаан хэдийн бий болжээ. Үүнийг нь олон нийт эртнээс түүнд хэлж, сануулж байсан ч буруугаа хүлээж, алдаагаа засахын оронд булзааруулж, бултан, дөргүй бух шиг зүтгэсээр буй юм. Ардчилсан намынх нь гишүүд, дэмжигчид аргаа бараад тэмцэж, шаардаж эхлэв. Үүний илрэл нь Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн өнгөрсөн тавдугаар сарын 06-нд Ардчилсан намын дарга С.Эрдэнэд 15 үндэслэл бүхий огцрох шаардлага өгч, намын Онц их хурлыг хуралдуулахыг шаардсан явдал. Монголын ардчиллын цайз хэрэм болсоор ирсэн Ардчилсан нам дотоод ардчилал хийгээд гадаад нэр хүнд үгүй болж, гишүүд, дэмжигчдэдээ гологдон, олон нийтэд чамлагдан, оноо, рейтингийнхээ ёроолд унасан нь С.Эрдэнэ даргатай нь шууд холбоотой. Тиймээс л С.Эрдэнийн есөн шид нь бүрдэж, 15 шалтаг нь бүрэлджээ гээд байгаа хэрэг.

Ардчилсан намын даргын огцрох нөхцөлийг бүрдүүлээд буй энэхүү үндэслэл, шалтгааныг дурдъя.

 “Капитал” банкны луйвар

С.Эрдэнэ УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Мөн 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажилласан юм.

Энэ хугацаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж дампуурсан “Капитал” банканд нийгмийн даатгалын мөнгийг байршуулан, улмаар өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт хардагдаж, намынхаа нэр хүндийг дахин шороонд хутгав. Товчхондоо бол С.Эрдэнэ МАН-ын удирдлагуудтай нийлж төрийн мөнгийг салхинд хийсгэсэн гэсэн үг. “Капитал” банканд байршуулсан нийгмийн даатгалын энэхүү 240 тэрбум төгрөг нохойн замаар орох нь гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд урьдчилан сануулж байсан юм.

Тухайлбал, Н.Номтойбаяр гишүүн “Тэтгэвэр авдаг хүмүүсийн мөнгийг янз бүрийн банканд байршуулж байна. Үүнээс болж эрсдэл үүсч байна, Их хэмжээний мөнгө алга болох эрсдэлтэй байгаа” хэмээн сүүлийн хоёр, гурван жил мэдэгдэж байсан ажээ. Энэ бол С.Эрдэнэтэй шууд холбоотой сануулга байв. С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг толгойлох болсон юм. Энэ зөвлөлөөс иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд хадгалуулах журам гаргаж, С.Эрдэнэ гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Ийм журам баталж аваад тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг аль банканд байршуулахыг хүртэл С.Эрдэнэ сайд өөрөө зааж өгдөг байсан гэдэг. “Капитал” банкны хувьд нэлээд хэдэн жилийн өмнөөс үйл ажиллагаа нь хүндэрч доголдож эхэлсэн бөгөөд ийм банкийг сонгож нийгмийн даатгалын 240 тэрбумыг байршуулна гэдэг ашиг сонирхлын зөрчил гэх үндэстэй. С.Эрдэнийн энэ хэрэг АТГ-т очсон тул удахгүй хар, цагааныг нь ялгаж, зөв бурууг нь тунгаах бизээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гурван жилийн өмнө 'С.Эрдэнэ та нас барсан иргэдийн нэр дээр Нийгмийн даатгалын сангаас мөнгө авдаг, завшдаг, мөнгө байршуулдаг, зээл авдаг бузар булай юм их хийсэн. Тэр чинь удахгүй ил болно. Бид нотолно. Матрын нулимс унагах хэрэггүй. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина, таниулна. Наад улс төр чинь явахгүй' хэмээн хэлж байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайж буй. Үнэхээр С.Эрдэнийн булхай, луйврын ил болох нь ил болж, нотлогдох нь нотлогдож, тар нь танигдаж, цар нь мэдэгдэж эхэлжээ.

Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ томилогдсоноос хойш ард түмний итгэл алдарч, сэтгэл гонсойсон. Энэ бол ардчиллын 27, 28 жилд байгаагүй урам хугаралт байсан юм. Тиймээс Ардчилсан намын рейтинг даргаа даган навс унаж, 60 тэрбум, Эрдэнэтийн 49  хувь, ЖДҮ гээд болохгүй, бүтэхгүй бүхнийг хаацайлж, хамгаалдаг үүр уурхай мэт хэрэгдэх болов. Түүгээр зогсохгүй Ардчилсан намын Үндсэн дүрмийн зөрчилтэй заалтыг эрх баригч МАН ашиглан шүүхэд нөлөөлж, Ардчилсан намыг сонгуульд орох эргүй болгож мэдэх эрсдэл үүсээд буй юм.

Тиймээс гишүүд нь С.Эрдэнийг Ардчилсан намын даргаас огцруулах 15 үндэслэлийг гаргаж тавьжээ. Ард Аюуш “Та есөн ембүүгээ бариад, би есөн эрүүгээ үүрээд эрлэгийн үүдэнд нэг уулзана аа” гэдэг шиг С.Эрдэнэ дарга 15 нүглээ үүрээд, Ардчилсан намын гишүүд 15 үндэслэлээ бариад шударга ёсны дэнсэн дээр уулзах цаг болжээ.

Ч.ТДК

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.