Сэтгүүлч Б.Отгон: Газрын тосны үйлдвэр “Галавын үлгэр” болжээ!
Хөгжлийн банкнаас авсан 158 тэрбум төгрөгөөр Алтанширээд хийсэн бүтээн байгуулалтыг хар!!!
Уучлаарай!!! Монголчуудаа!!!
Бензин 1000 төгрөг болно гэж би та нарыгаа хуурсан юм. Газрын тосны үйлдвэр Галавын үлгэр болсон шүү. Энэ үгийг эрх баригчдын чинь өмнөөс би хэлчихье.
Тэд угаасаа худал хуурмагийн ордод төрсөн хүмүүс учраас өнөөдөр ч хууран мэхлэлтээ үргэлжлүүлсээр байна.Улс төрчид бензинээ дотооддоо үйлдвэрлэнэ гэж ард түмнээ хуураад 5 он өнгөрлөө.
Алтанширээд Энэтхэгийн 1 тэрбум доллараар баригдах газрын тосны үйлдвэр 2022 онд ашиглалтад орно гэсэн. Өнөөдөр үйлдвэр барих байтугай технологийн патентаа ч аваагүй сууж байна. Гэсэн атлаа нөр их бүтээн байгуулалт тэнд хийж байгаа мэт тархи угааж, улс төрчид сонгуулиар пиар хийсээр ирэв.
Хөгжлийн банкнаас 2018 онд 158 тэрбум төгрөг авчээ. Хүүтэйгээ 200 тэрбум болсон. Мэдээж эргэн төлөлт 0. Үйлдвэр бариагүй өдий хүрсний хариуцлагыг нэхэх байтугай мэдэж буй хүн ч алга.
158 тэрбумаар барьсан гэх зүйл нь ажилчдын орон сууц,амбаар сав, алд дэлэм зам төдий. Үүнийг барихдаа гааль, татварын хөнгөлөлт тамтаггүй эдэлсэн. Тэгээд эцэст нь барьсан зүйлийг нь харчих.
Өнөөдөр үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ? гэсэн асуултад 2025,2026 амандаа орсон дуртай тоогоо хэлж байна. Үйлдвэр баригдлаа гэхэд Дорнодоос 650 км газар тосоо хэрхэн тээвэрлэх шийдэл ч алга.
Би үнэндээ энэ зургийг хараад нүдэндээ итгээгүй. Хөгжлийн банкнаас авсан 158 тэрбумыг хараад итгэхийг хүсээгүй. Өнөөдөр Хөгжлийн банкны удирдлагуудаас асууж, 2 чихээрээ 100 хүний өмнө сонсч байж итгэлээ.
Газрын тосны үйлдвэр барих эх оронч сэтгэлээ уяран дуулан уудалсан У.Хүрэлсүх, Х.Баттулга аа.
Ард түмэнд үнэнээ хэлж чаддаггүй юм гэхэд бүү хууран мэхэл. Хөгжлийн банк дээр цэц булаалдахаас өмнө хэн нь хэдэн төгрөгөөр газар дээрээ яг юу хийснийг яваад үзэхэд л ус тос нь ялгарна даа. Хувийн компани 158 тэрбумаар ийм хэдэн тоосго өрсөн бол эзнийг нь бариад идчихсэн.
Харин төрд бол эзэн байхгүй. Төрийн өмчийн компанид тооцох хариуцлага байхгүй. Учир нь энэ нийтийн өмч учраас эзэн байхгүй. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Алтанширээд газрын тосны үйлдвэр барих шийдвэр гарсан.
Өнөөдөр Хөгжлийн банкийг луйвардчихжээ гэхэд хашгирахаас өөр яаж ч чадахгүй байна. Маргааш газрын тосны үйлдвэр худлаа байжээ гэхэд дахиад хэд хашгираад л гүйцээ.
Цуурай болоод замхарч үлдэнэ.
Дарга нар ард түмний зовлон дээр дөрөөлж, идэж ууна гэж үүнийг хэлдэг юм. Эцэст нь импортын бензинд байдгаа барьсан ард түмэн эрх баригчдын идсэн уусныг төлнө. Ингээд л дуус!!
Сэтгүүлч Б.Отгон 2022.02.12
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.