Б.Батцэцэг: Дипломат пасспортыг хадгалж ашиглалтад хяналт тавьж байна

Б.Батцэцэг: Дипломат пасспортыг хадгалж ашиглалтад хяналт тавьж байна

“Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг өнгөрсөн онд шинэчлэн баталсан билээ. Тус журмын хэрэгжилтийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулжээ. 

Шинэчилсэн журмын хүрээнд албан болон дипломат пасспорт эзэмшигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, шалгуурыг өндөрсгөжээ. Мөн төрийн албан хаагчдын албан болон дипломат пасспортуудыг хадгалж, ашиглалтад хяналт тавих чиг үүргийг ГХЯ хэрэгжүүлж байгааг ГХ-ны сайд Б.Батцэцэг тодотгов. Өөрөөр хэлбэл, албан болон ажлын шугамаар гадаадад зорчих бол дипломат пасспорт эзэмшиж буй төрийн албан хаагч томилолтоор ажиллах тухайгаа харьяа байгууллагаараа дамжуулан хүсэлт гаргана. Тус хүсэлтэд үндэслэж ГХЯ-наас албан болон дипломат пасспортыг түр олгохоор журамд тусгасан байна. 

Тухайн пасспортыг эзэмшигч төрийн албан хаагч томилолтоор яваа тухай нотлох баримтыг Монгол Улс болон гадаадын хилийн боомтуудад шалгуулах бөгөөд Монгол Улсын хилээр нэвтэрсэн даруй пасспортоо хилийн боомтод хураалгах юм. Улмаар хураасан паспортыг ГХЯ-нд хүргүүлэх юм байна. 

Хэрэв хилийн боомтод пасспортыг хураалгахаас татгалзсан тохиолдолд дахин албан болон дипломат пасспорт олгохгүй байхаар журамд заажээ. Өнөөдрийн байдлаар, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, эсхүл өөр албанд шилжсэн 806 дипломат пасспортыг хүчингүй болгож Эрүүгийн цагдаагийн албаны цахим мэдээллийн санд холбогдох мэдээллийг хүргүүлжээ. Иймд хүчингүй болсон пасспорттой эсэхээ www.consul.mn цахим хуудсаар нэвтэрч шалгахыг ГХ-ны сайд Б.Батцэцэг зөвлөлөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.