Л.Оюун-Эрдэнэ гишүүний шинэ загвар

Л.Оюун-Эрдэнэ гишүүний шинэ загвар
Монголчууд жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгуульд саналаа өгнө. Ардчилсан сонгуульд найм дахь удаагаа оролцох юм. Долоон удаа сонгосон ард түмэн гэдэг УИХ-ын гишүүн гэж хэн байх вэ гэдгийг "доторлож" амжаагүй юм гэхэд гадарладаг болсон гэсэн үг. Гэвч нэр дэвшсэн тойргийнхоо ард түмний олонхийн саналыг яаж ийгээд авч эрхэм гишүүн болсон нөхдүүд ямар нэг байдлаар итгэл алддаг. Дөрвөн жилийн бүрэн эрхийн талд нь ч хүрэлгүй гуулиа цухуйлгачихна. Яг одоо Үндсэн хуулийн өөрчлөлт ид яригдаж байна. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын бүрэн эрхийн хугацаа нэмэгдэхээр яригдаж байна. Залгуулаад энэ УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ. Бас л өөрчилж батална. Энэ бүхнээр яаж ч өөрчлөгдлөө гэсэн эрхэм гишүүдээс ард түмэн нэг л зүйлийг хүснэ. Тэр нь УИХ-ын эрхэм гишүүдийг төр, ард түмний төлөө шударга ажиллахыг хүсдэг "уламжлалт" хүсэлт юм. Үүнийг биелүүлэхэд нэг их хэцүү биш. Гэхдээ эрхэм гишүүд дөрвөн жилийн виз даруулаад сонгогдсон л бол өөрийгөө бодоод алга болчихдог. Гэм биш зан болчихсон.  Гэхдээ ингэхгүй байж болдог юм гэдэг жишгийг энэ УИХ-ын зарим гишүүн үзүүлж л байна. Өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнийг тийм гишүүдийн нэгээр нэрлэж болно. Түүнийг зарим хэсэг ихэд шүүмжилдэг л юм. Алдаа байхыг үгүйсгэхгүй. Харин Л.Оюун-Эрдэнийн цаг заваа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүрэгт ажилдаа яг таг зориулж байгааг үгүйсгэх боломжгүй. Тэрээр өнгөрсөн баасан гариг /2019.8.2./ Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажилласан байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 1111 төвийг идэвхтэй ажиллуулах чиглэлийг өгчээ. Нөгөө талаасаа, энэ бол Монгол төрийн залгамж чанар үргэлжилж буй хэрэг. Л.Оюун-Эрдэнэ хагас, бүтэн сайн өдрөөр тойрогтоо ажиллажээ. Тойрогт нь тулгараад байсан зарим асуудлыг шийдэж, заримтай нь газар дээр нь танилцлаа гэсэн мэдээлэл олж уншлаа. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнэ зуныг завгүй өнгөрөөж байгаа аж. Ер нь сонгогдсоноосоо хойш иймэрхүү "дэг"-тэй ажиллаад байгааг ард түмэн анзаарч л байгаа. 2018 оны зун л гэхэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, 60 тэрбумын хэргийг нэг тийш шийдэх ёстой гээд л ганцаараа гүйж явсан. Сүүлд олуулаа болсон. Үр дүн нь юу болсныг ард түмэн харсан. Энэ бүгдийг тоочоод байгаа нь хэнийг огцруулж, хэн хэнтэй тэмцсэн гэдэгтэй холбоогүй. Л.Оюун-Эрдэнийг гоё ч гэх гэсэнгүй. Ерөөсөө л УИХ-ын гишүүн хүн ингэж л ажиллах ёстой гэсэн жишээ болгож хэлж байгаа юм. Эрхэм гишүүний хувьд үүргээ нэр төртэй биелүүлж, засгийн ажлыг зэрэмдэглэлгүй ажиллах тэнхээ чадал төрийг бүх түшээд, эрхэм гишүүдэд байх учиртай. Ирэх сонгуулийг хоног тоолон хүлээж байгаа нэр дэвшигчид эрхэм гишүүнээр сонгогдвол Л.Оюун-Эрдэнэ шиг ажиллах ёстой гэсэн санаа төдий юм. Тэр шинэ жишгийг тогтоолоо гэдгийг л дахин хэлье

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.