М.Чинсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

М.Чинсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг  суулгажээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа ийн ярьжээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа:

-Нийслэлийн хэмжээнд ойн сан бүхий 116 мянган га талбай байдгаас 17 мянган га талбайг ойжуулах шаардлагатай гэж Ой зохион байгуулалтын тайланд тусгасан байдаг. Тэгэхээр уг 17 мянган талбайн байгалийн нөхөн сэргээлтийг хийхэд зөвхөн нэг га талбайд нормативын дагуу 800-1000 мод тарих хэрэгтэй юм. Нийслэл нэлээд тооны мод тарих шаардлагатай нь үүнээс харагдаж байгаа байх. Одоогийн байдлаар 13.399 мод, бут, сөөгийг тарьсан гэсэн  тоон мэдээ гарсан. Ойн тухай хуулиараа иргэд хавар, намартаа мод тарих үүрэгтэй байдаг. Уг үүргийнхээ дагуу иргэд, олон нийт өөрсдийн эзэмшлийн хашаа, байр сууцны гадна талбай, ажлын байрны ойр орчимд мод тарих, ногоон байгууламжийг бий болгох зэргээр уг үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна. Иргэдийн тарьж буй модны тоон мэдээлэл албан ёсоор нэгтгэгдээгүй байна. Цаашид нийслэлийн хэмжээнд цөлжилтөд өртөж буй, ойжуулалтгүй талбайг сонгон, зурвас хэлбэрээр ойжуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Шууд хүссэн газраа мод тариад байж болохгүй. Ногоон массыг бий болгохын тулд холбогдох газруудаас санал авч, судалгаа хийдэг.

Иргэд тарьсан модоо өөрсдөө хариуцан арчилж, хамгаалах нь илүү үр дүнтэй. Зүгээр мод тариад орхих биш, түрүүн хэлсэнчлэн өөрсдийн тарьсан модоо арчилж, хамгаалан, ургуулах нь нэг насны буян гэж монголчууд ярьдаг шүү дээ. Хавар, намар, зундаа нэг, нэг удаа тарьсан модоо усалчихдаг байхад л тэр мод ургаад байна. Тиймээс мод тариад орхих биш, арчилж хамгаалан, ургуулаарай хэмээн иргэддээ уриалъя.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.