МАЛЫН ДУУДЛАГА ХУДАЛДААГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан малын дуудлага худалдаа өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монгол Улсад нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдан борлуулсан юм.
ХХААХҮЯ, түүний харьяа Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран малын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулжээ.
Тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцсон бөгөөд тэрээр “Малын үүлдэр угсааг сайжруулах, гойд ашиг шимт малыг импортолж монгол оронд нутагшуулах ажил сүүлийн 8 жил идэвхтэй явагдаж байна. Энэ хугацаанд ХХААХҮЯ-наас 17.5 тэрбум төгрөгийг малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд улсын төсвөөс зарцуулсан байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгөөр импортоор цэвэр үүлдрийн гойд ашиг шимт малыг авсан. Сүүлийн үед малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд аж ахуйн нэгж, иргэн, малчин гээд бүгд анхаарч байна. Өнөөдөр дуудлага худалгаагаар арилжих үхрүүдийг 2012 онд Францаас оруулж ирсэн, цэврээр нь өсгөж Монголд нутагшуулан үржүүлж байгаа. Хонины хувьд 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортоор авч Монголд нутагшуулсан. Анхны дуудлага худалдаа гэдгээрээ алдаа оноо, ололт амжилт аль аль нь байгаа байх. Дараа дараадаа алдаагаа засч сайжруулж, бусад ололтуудаа нэмэгдүүлж уламжлал болгон зохион байгуулна.” гэсэн юм.
Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хэнтий зэрэг аймгаас 50 орчим аж ахуйн нэгж, иргэн хүрэлцэн ирж, малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд хэрэгтэй мэдээлэл авлаа. Мөн дуудлага худалдаанд оролцохоор 9 иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлж, нийт 3 үхэр, 1 хонь борлуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.