Жил бүр 504 хүүхдэд 2 тэрбум төгрөгийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

Жил бүр 504 хүүхдэд 2 тэрбум төгрөгийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох болон Олон улсын олимпиадад амжилттай оролцохыг дэмжиж, урамшуулж байх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч нэгдүгээрт 330 сум, 171 хорооноос нэг нэг шилдэг сурагчдад дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцах тэтгэлэг олгох зарлига гаргасан байна.

Хоёрдугаарт, Олон улсын шинж чанартай оюуны олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхэд, залууст нэг удаа мөнгөн урамшуулал, тэднийг бэлтгэсэн баг, хамт олныг мөн урамшуулах зарлиг гаргажээ.

Ингэснээр зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд гадаадын их, дээд сургуульд суралцдаг байсан бол жирийн айлын хүүхдүүд ч гадаадын, чанартай сургуульд суралцах боломж бүрдэж байгаа юм.

Энэ нь монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих, сурагчдыг олимпиадад оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зорилготой юм.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт жил бүр 504 хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд үүнд нийт хоёр тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Тэтгэлэгийг боловсролын зээлийн сангаар дамжуулж олгох юм байна.

Монгол Улсын баг сүүлийн таван жилд Олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас 52 медаль авсан байна.

2021 онд гэхэд л  математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, физикийн олимпиадаас хоёр хүрэл, мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгө, химийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл, биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл, нийт 15 медаль буюу түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ.

Багийн амжилт тогтвортой өсөж, дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас бодлогоор дэмжих, урамшуулах, хүртээмж, тэгш боломжийг хангах нь зүйтэй гэж үзжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.