МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яаманд зочилж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй албан уулзалт хийлээ.
Уулзалтаар БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт, стратегийн төсөл, хөтөлбөрүүдийн өнөөгийн явцын талаар мэдээлэл солилцож, дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
Талууд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилт, ажлын зураг төсөлд магадлал хийх үйл явцын талаар санал солилцлоо.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын зүгээс стратегийн чухал ач холбогдолтой тус төслийг эрчимжүүлэх хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2026 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 139 дүгээр тушаалаар Багц-2 буюу анхдагч технологийн болон дагалдах барилга байгууламжийн ажлын зураг төсөлд хэсэгчлэн магадлал хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсныг танилцуулав.
EPC-2 буюу Багц-2-т нийт 70 барилга байгууламж төлөвлөгдсөнөөс одоогоор 10 барилга байгууламжийн ажлын зураг төслийг экспертүүдийн ажлын хэсэг хянан үзэж, баталгаажуулах ажлыг гүйцэтгэж байна.
Мөн Ажлын хэсэг 2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр захиалагч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК болон гүйцэтгэгч “Нубиа Си энд И” ХХК-ийн төлөөллийг оролцуулан хуралдаж, ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.
Хурлаар талуудын ойлголтын зөрүүтэй байсан асуудлуудыг тодорхой болгож, цаашдын ажлын уялдаа холбоог ханган, нэгдсэн ойлголтод хүрсэн талаар мэдээллээ.
2. АТАЛ БИХАРИ ВАЖПАЙН НЭРЭМЖИТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХОЛБОО, АУТСОРСИНГИЙН ШИЛДЭГ ТӨВ
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж буй есөн давхар тус барилгын захиалагчийн хяналтыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар газар шороо, суурь, металл рамын угсралт, хана болон хамар ханын өрлөгийн ажлыг бүрэн гүйцэтгээд байна. Одоогоор барилгын дотор заслын ажил, дотор гэрэлтүүлэг болон хүчит төхөөрөмжийн угсралт, халаалт, цэвэр, бохир усны шугам сүлжээ, гадна металл болон шилэн фасадны ажлууд үргэлжилж байна.
Мөн барилгын 1–8 дугаар давхрын цахилгааны ил болон далд угсралт, цахилгааны самбар суурилуулах, дотор интерьер, заслын ажлыг гүйцэтгэж байна.
Энэтхэгийн талаас барилга угсралтын ажлыг 2026 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөснөө танилцуулж, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэн, барилгыг чанарын шаардлага хангасан түвшинд шуурхай ашиглалтад оруулах шаардлагатайг илэрхийлэв.
Үүний дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд барилгын талбайд долоо хоног бүр биечлэн ажиллаж, гүйцэтгэгч “Гранд тех” ХХК болон “П.К.Саксена Контрактор” ХХК-д холбогдох шаардлага тавин, захиалагчийн хяналтыг чангатгаж ажиллахаа мэдэгдлээ.
3. ЭНЭТХЭГ–МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН СУРГУУЛЬ
Талууд Улаанбаатар хотод хэрэгжиж буй Энэтхэг–Монголын найрамдлын сургуулийн төслийн талаар мэдээлэл солилцов.
Энэхүү сургууль нь хоёр улсын боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд, залуучуудын сурч боловсрох орчныг сайжруулах, Монгол, Энэтхэгийн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалт болохыг онцоллоо.
Цаашид төслийн хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж, барилгын ажлыг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.
4. БНЭУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАРИЛГА
Уулзалтаар БНЭУ-ын Элчин сайдын яамны барилга, цогцолбортой холбоотой асуудлаар санал солилцож, барилга байгууламжийн зураг төсөл, чанар, аюулгүй байдал болон Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийн талаар ярилцлаа.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын зүгээс өөрийн чиг үүргийн хүрээнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, холбогдох асуудлаар хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.
5. ITEC СУРГАЛТ, ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Уулзалтын төгсгөлд Элчин сайд Атул Малхари Готсурве “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчдыг БНЭУ-д сургах, туршлага судлуулах, чадавхжуулах болон мэргэшүүлэх сургалтад хамруулах талаар хэлэлцэв.
Энэ хүрээнд Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC хөтөлбөр, мөн Энэтхэгийн нэр хүндтэй их, дээд сургууль болон сургалтын байгууллагын дамжаа, курст суралцах монгол иргэдэд зориулсан Засгийн газрын бүрэн тэтгэлэгт боломжуудыг танилцуулав.
Талууд барилгын салбарын мэргэжилтнүүдийг холбогдох сургалтад хамруулах, Энэтхэг Улсын туршлага, дэвшилтэт технологийг судлах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Энэтхэгийн найрамдалт харилцааны илэрхийлэл болсон эдгээр томоохон төсөл, хөтөлбөрийг хугацаанд нь, чанар, стандартын өндөр түвшинд хэрэгжүүлэхийн төлөө хамтын ажиллагаа, түншлэлээ улам бэхжүүлэхээ харилцан илэрхийллээ.

May be an image of text
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.