Монгол хүүхдүүдийн ур чадвар дэлхийтэй харьцуулахад хаана явна вэ?
Монгол Улс боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2025 онд “Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ” /PISA/-нд хамрагдаж, дүнгээ өнгөрөгч есдүгээр сарын 8-нд албан ёсоор олон нийтэд зарлав. Сурлагын амжилтын үнэлгээ буюу "PISA" гэгч чухам юу болохоос нийтлэлээ эхлэх нь уншигчдад ойлгомжтой байх болов уу.
“PISA” бол суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг олон улсын үнэлгээ юм.
Энэ удаагийн судалгаанд 91 орны 760 мянга гаруй сурагч оролцсон бөгөөд Монголоос 191 сургуулийн 7146 хүүхэд хамрагджээ. Нийслэлийн 3535, аймгийн 2274, сумын төвийн 1337 суралцагч үнэлгээнд хамрагдаж, Монгол Улс дундаж үнэлгээгээр 49 дүгээр байранд орсон ч OECD-ийн дунджаас бүх гол үзүүлэлтээр хоцорчээ.
Тухайлбал,
-2022 онд математикийн гүйцэтгэлээр 425 байсан бол 2025 онд 419 болжээ. Энэ нь OECD-ийн дунджаас 44 оноогоор доогуур үзүүлэлт. Математикийн хичээлийн гүйцэтгэл 91 улсаас 49 дүгээр байранд эрэмбэлэгдэв.
-Байгалийн ухаанаар 424 оноо авч, 56 дугаар байрт эрэмбэлэгджээ. Энэ нь OECD-ийн дунджаас 58 оноогоор доогуур боловч 2022 онтой харьцуулахад 12 оноогоор өссөн үзүүлэлт аж. Үсрэнгүй амжилт үзүүлсэн 10 орны нэгээр Монгол Улсыг нэрлэлээ.
-Унших чадвараар 374 оноо авч, 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн нь манай улсын хамгийн сул үзүүлэлт болж байна. Энэ нь олон улсын дунджаас 87 оноогоор доогуур үзүүлэлт бөгөөд өмнөх үнэлгээтэй харьцуулахад дөрвөн оноогоор буурчээ.
Эдгээр тоог уншаад бид өөрсдөөсөө нэг л асуултыг асуух ёстой болж байна. “Монгол хүүхдүүдийн ур чадвар дэлхийтэй харьцуулахад хаана явна вэ” гэх асуулт. Өглөөнөөс үдэш хүртэл сургууль дээрээ амралтгүй шахам гурван ээлжээр сурч, амралтын өдөр ч байхгүй даалгаварт дарагдаж суудаг бидний хүүхдүүд 12 жил сураад амьдралд хэрэгтэй бүх мэдлэг авах боломжгүй. Гэхдээ олон хуудас текст хуулж бичсэн ч гол санааг нь ойлгохгүй, байгалийн ухааны хичээл үзсэн ч өдөр тутмын үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чаддаг боловсролыг дэлхийн түвшинд биш юм гэхэд ядахдаа Азийн түвшинд авах ёстой биз дээ. Гэтэл тийм байж чадаагүй, зарим талаараа уналтад орчихсон байгаа нь Монгол Улс боловсролын чанарын асуудлаа эргэж нэг ярих ёстойг сануулсан тоо юм. Товчхондоо, боловсролын бодлогодоо өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг нь ирчихжээ.
Олон улсад өрсөлдөх боломж байгааг “Оюунлаг” сургууль харуулав
Бүх зүйл бас болж бүтэхгүй байгаа биш. Монголын боловсрол тэгтлээ уналтад орчихоогүйг харуулсан сайн жишээ ч энэхүү үнэлгээний үеэр яригдсан нь “Оюунлаг” сургуулийн жишээ байв. Бид олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой, багахан л хичээл зүтгэл гаргавал тэрхүү үнэлгээг хангалттай биелүүлж чадах оюуны чадвар монгол хүүхдүүдэд байгаа гэдгийг тус сургуулийн авсан үнэлгээ харуулж, зарим үзүүлэлтээр олон улсын дунджийг давж чадсан сайн мэдээг ч уншигч танд дуулгая. “PISA-2025”-ын дүнгээр Монгол Улсаас оролцсон 191 сургуулиас уншиж, ойлгох чадвараар олон улсын дунджаас давсан цорын ганц сургууль болсон аж. Математикийн болон байгалийн ухааны чадварын үнэлгээгээр 553 оноо авчээ. Энэ нь олон улсын өндөр гүйцэтгэлтэй боловсролын тогтолцооны түвшинтэй харьцуулахуйц үр дүн. Мөн сургуулийн мэдээлэлд 26 үзүүлэлтийг харьцуулан үзэхэд улсын дунджаас илт өндөр үр дүн гаргаж, дөрвөн гол үзүүлэлтээр Монголдоо тэргүүлжээ.
Эндээс “Оюунлаг” гэж ямар сургууль байна вэ гэдэг асуулт уншигч таны анхаарлыг татаж буй нь дамжиггүй. Тэд Монголын боловсролоос өөр түвшинд яваад байна уу, багшийн ур чадвар өндөр байна уу гэх мэтээр олон асуулт ургаж гарах нь зүйн хэрэг. Тус сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд математик, гадаад хэл, байгалийн ухааныг гүнзгийрүүлэн заадаг. Монголын үндэсний болон Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлогтой.
Сургуулийн албан ёсны мэдээллээр 140 гаруй багштай бөгөөд тэдгээрийн 30 нь гадаад багш нар байдаг аж. “Оюунлаг” сургууль 2021-2024 онд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд тэргүүлжээ. Төгсөгчдийнх нь гадаадын их, дээд сургуулиудаас авсан тэтгэлгийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байдаг нь яах аргагүй ур чадварын хувьд илүү байгааг илтгэх тоо юм. Хүүхэд бие даан сэтгэх, асуудлыг олон талаас харах, мэдлэгээ амьдралд хэрэгжүүлдэг буюу цаасан дээрх тоог хуулж дэвтэрт бичиж, өглөө, үдэшгүй даалгаварт дарагдаж сууснаар боловсролын түвшин, чанар дээшлэхгүй гэдгийг энэхүү сургуулийн жишээнээс харж болохоор байна.
Монгол хүүхдээ мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье
Нэг сургуулийн амжилтыг бүтэн улсын боловсролын тогтолцоотой дүйцүүлж жиших нь зарим талаараа учир дутагдалтай ч “Оюунлаг”-т улсын бусад сургуульд суралцаж буй Доржийн охинтой адилхан монгол хүүхэд суралцаж байгаа нь үнэн. Ялгаатай нь суралцах орчин, амьдралын чанар, Монголын боловсролын тогтолцоонд багахан өөрчлөлт оруулсан буюу олон улсын хөтөлбөртэй хамтатган хичээлээ зааснаараа дэлхийн боловсролыг тив алгасаж бус эх орондоо, гэрийнхээ хажууд авах боломжийг бүрдүүлээд өгчихжээ. Уншаад ойлгох мэдлэгийн хоцрогдол, хөдөө, хотын ялгааг арилгахын тулд бид олон улсын хөтөлбөрийг Монголын боловсролтой хослуулах, нутагшуулах ажлыг үе шаттай эхлүүлэх ёстой. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газар монгол хүүхдээ мэдлэгийн хоцрогдлоос “Чөлөөлье” гэсэн зорилтыг дэвшүүлж, 2027 оны төсөвт боловсролын салбарт 1 их наядын хөрөнгө оруулалт тусгалаа. Хот хөдөөгийн ялгаа, мэдлэгийн хоцрогдлыг арилгах үүднээс бүс бүрд төрөлжсөн “Ахлах сургууль” байгуулахаас гадна Кембрижийн хөтөлбөрийг ч сум, аймаг, нийслэлийн сургуулиудад хэрэгжүүлж, үр дүн гаргах цаг болсныг “Оюунлаг”-ийн жишээ бидэнд нотлон харуулав. Цааш, цаашдаа Монголын боловсролын салбарт олон, олон оюунлагууд төрүүлэн гаргахын төлөө боловсролдоо мөнгө зарцуулж, тогтолцоогоо эргэж харах цаг хэдийнэ болжээ, улстөрчид өө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.