Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийг нь 38 удаа "хулгайч" гэж бичсэн хэмээн иргэн Г.Уянгаас 500 сая төгрөг нэхэмжилжээ

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар иргэн А.Уянгаас 500 сая төгрөг нэхэмжилжээ. Иргэн Г.Уянга бол Туулын хурдны зам төслийн олон хууль бужс үйлдлийг илчилсэн судлаач юм. Түүнийг Хотын дарга асан Х.Нямбаатараас гадна БОУАӨЯ-ны Газрын дарга Б.Алтанзул гэгч мөн шүүхэд өгчээ. Иргэн Г.Уянгын яриаг хүргэе.

Судлаач Г.Уянга:  

-Х.Нямбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн талаарх мэдэгдлийг шүүхээс 9 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн. Энэ нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд хянагдаж буй Х.Нямбаатарын зүгээс гаргасан гурав дахь нэхэмжлэл бөгөөд өмнөх нэхэмжлэлээсээ өөрөө татгалзаж байсан удаатай юм.

Нэхэмжлэгчийн зүгээс/Х.Нямбаатар/ Г.Уянга нь Туул голыг хамгаалах асуудлаар нийтэлсэн 126 постынхоо 38-д нь өөрийг нь "хулгайч" гэж нэрлэсэн, мөн бусдын бичвэрийг "ретвит" хийж дэмжсэн нь нэр төрд халдсан үйлдэл гэж үзжээ.

Түүнчлэн эдгээр шүүмжлэл болон нөөцийн махны асуудал зэрэг шалтгаанаар Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн, иргэд сонгогчид түүнийг хулгайч мэтээр хүлээн авч байгаа нь сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан гэж нэхэмжлэлд дурдсан байна.

Х.Нямбаатар нь нэр төр, алдар хүндэд учирсан хохирол гэж үзэн 500 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Энэхүү мөнгөн дүн нь Хятадын "Хуа Юань женерал" буюу Туулын хурдны зам төсөлд шалгасарн гэх компанид урьдчилгаа болгож өгсөн гэх 500 тэрбум төгрөгийн 0.1 хувьтай тэнцэж байгаа юм. 

Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тухайн компанийн тендерт ирүүлсэн материалууд хуурамч байсныг өмнө нь мэдэгдэж байсан. 

Туул голын онцгой бүсэд далан барьж, том гүүрэн байгууламж босгох төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд "Туул голд загас болон амьтны аймаг байхгүй" гэж тусгасан нь хууль бус дүгнэлт байсныг Аудитын газар ч тогтоосон байдаг.

880 км урт Туул голын экосистем, 1.9 сая хүний усны нөөцийг хадгалж үлдэхийн төлөө иргэнийхээ үүргийг биелүүлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө би зургаан сарын турш шүүхийн маргаантай явж байна. 

Иргэний хэргийн шүүхийн процессын дагуу хариуцагч өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх үүрэг хүлээдэг нь иргэнд асар их цаг хугацаа, санхүүгийн дарамт учруулж байна.

Үүнээс гадна БОУАӨЯ-ны Газрын дарга Б.Алтанзул мөн нэр төрд халдсан гэх үндэслэлээр намайг шүүхэд өгсөн. Энэ хүн бол Туулын хурдны зам төслийн менежментийн төлөвлөгөөг шуурхай батлуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн хүн.

Гэтэл энэ Б.Алтанзул гэх даргыг шүүгээд үзэхээр Богд уулын дархан цаазат газарт 1.7 га газар эзэмшдэг юм билээ. Иргэн би 0,07 га газраа ч авч чадахгүй байхад Байгаль орчны яамны газрын дарга нь Богд ууланд 1,7 га газартай байна гэдэг  яах аргагүй анхаарах сэдэв шүү дээ. 

Энэ албан тушаалтнуудын шүүхийн үйл ажиллагаа бол иргэдийг айлган мохоох, эрх мэдэлтнүүдийн буруутай үйлдлийг шүүмжлэх зоригийг дарах зорилготой нийгмийн мессеж гэж би харж байна.

Уг нь иргэн би биш АТГ, Прокурор, цагдаа хууль хяналтын байгууллагууд ажлаа хийхгүй байгаагаас иргэн хүн өөрөө мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулах хэмжээнд хүрч байна.

Сэтгэгдэл (0)

Редакцын бодлогын үндэслэлээр сэтгэгдлийг хаасан болно.