Хараагүйчүүд ХНХ-ын сайд Т.Аубакирыг хуулиа биелүүлэхийг шаардан Тусгаар тогтнолын гадаа өлсгөлөн зарлаж эхэлжээ
Хараагүйчүүдийн холбооноос өчигдөр буюу 08-р сарын 20-оос эхлэн Тусгаар тогтнолын гадаа талбайд өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэд ХНХ-ын сайд Т.Аубакирыг хөдөлмөрийн хуулиа хэрэгжүүл, хөгжлмйн бэрхшээлтэй иргэдийг битгий хуурч мэхэл, Хараагүй иргэдийн хөдөлмөр, сургалтыг байрыг битгий булаа гэсэн шаардлагуудыг тавьж байгаа аж.
Жагсаалд оролцогчдын төлөөлөл:
-Өнөөдрийн байдлаар энэхүү жагсаалд 60-70 хүн нэгдээд байна. Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах түр хорооноос гурван хүн өлсгөлөн зарласан. Бид 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад шаардлага хүргүүлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс орон сууцаар хангах заалтыг хэрэгжүүлж ажиллахыг бид шаардаж байгаа.
Гэтэл зургаадугаар сарын 12-ны өдөр тус яамнаас ирүүлсэн хариундаа 2027 оны улсын төсөвт 30 тэрбум төгрөг суулгахаар боллоо гэсэн боловч төсвийн хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл авахад ердөө 3 тэрбум төгрөг тусгагдсан байна. Монгол Улсын төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ингэж хуурч байна.
Ялангуяа бидний эрх ашгийг хамгаалах ёстой яам нь хүндэтгэлгүй хандаж байгаад бид маш их дургүйцэж байна.
Мөн 62 жилийн түүхтэй Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийг нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэр болгоно гэсэн яриа гарсан. Энэ нь төр өөрөө ажлын байрны тохируулга хийхээс зайлсхийж, бэлэн байгаа байгууллага руу бусдыг нийлүүлэх гэж байгаа хэрэг.
Өлсгөлөн эхэлснээс хойш төр засгийн удирдлагуудаас ямар ч хариу ирээгүй байна. Хүний эрхийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Хүмүүсийн эрүүл мэнд доройтож, хохирол учрах вий гэхээс санаа зовж байна. Сэтгүүлчдээс энэ асуудалд анхаарал хандуулж, төр засаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хооронд үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг ард иргэдэд үнэн зөвөөр хүргэхийг хүсэж байна.
Бид жил бүр л хуулиа хэрэгжүүлээч гэж хүсдэг. 2016 онд батлагдсан хууль өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжихгүй байна. Боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал бүгд орхигдсон. Жишээ нь, харааны бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ-д шаардлагатай сурах бичиг, тохируулга байхгүйгээс бүгд унасан.
Төр засгийнхан бидэнд маш хүндэтгэлгүй ханддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг үндэслэлгүйгээр халсан мөртлөө, өмнө нь хүн зодож ажлаас халагдаж байсан хүнийг буцаагаад удирдах албан тушаалд томилж байна. Энэ бүхэн танил тал, улс төрийн нөлөөгөөр шийдэгдэж байна.
Би Л.Аубакир сайдтай уулзах хүсэлтээ удаа дараа хүргүүлсэн боловч дорвитой хариу өгөөгүй. Харин ч эсрэгээрээ манай байгууллагуудыг шалгаж, дарамт учруулах байдлаар хандаж байна.
МХҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Очиррэнцэн:
-Өнөөдрөөс эхлэн 48 цагийн хугацаатай нойтон өлсгөлөн зарлаж байна. Хэрэв төр засаг бидний шаардлагыг хүлээж авч, үр дүнтэй шийдвэр гаргахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.
Бид өмнө нь Төрийн ордны гадаа хэвтээ жагсаал хийж, хуулиа хэрэгжүүлэхийг шаардсан. 100 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний орон сууцны асуудалд 3 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хаанаа ч хүрэхгүй. Үүнийг 10 дахин нэмэгдүүлж 30 тэрбум болгох ёстой.
Мөн хараагүйчүүдийн 62 жилийн түүхтэй үйлдвэрийн чиг үүргийг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байна. Энэ үйлдвэр бол хараагүй хүмүүсийн олон жилийн хөдөлмөр, амьдралаа зориулсан газар. Тиймээс бид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Аубакирыг огцрохыг, мөн орон сууцны төсвийг нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Дуучин Амаржаргал:
-Би энэ тэмцэлд нэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой төрд хангалттай хүрэхгүй байна. Хөдөлмөрийн яам ажлаа хийхгүй, мэдрэмжгүй ажиллаж, иргэдийн эрхийг хангахгүй байгаа учраас бид ийнхүү тэмцлийн алхамд шилжлээ. Хэрэв тодорхой шийдвэр гаргахгүй бол тэмцэл цаашид үргэлжлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.