Шонхор барьж байсан араб иргэн Баянхонгор аймгийн малчин О-г дайрч хөнөөсөн үү?
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин О шонхор барьж байсан Арабуудад дайруулж амиа алдсан талаар мэдээлэл гарч байна. Уг хэрэг өчигдөр буюу 08-р сарын 18-ны өдөр болсон бөгөөд түүнийг 14 настай хүүгийнх нь нүдэн дээр араб иргэн дайрч хөнөөсөн гэх мэдээлэл байгаа юм.
Уг асуудлаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Баянхонгор аймагт машинд дайруулж нэг иргэн амиа алдсан хэрэг гарсан. Гэвч хэн дайрсан гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Шалгалт хийж байна..." гэх тайлбар өглөө.
Харин энэ талаар амь хохирсон малчин О-ийн ээж, аав нь Нэгүүн.мн сайтад ярилцлага өгчээ. Ингэхдээ,
"Бид хүүгийнх рүүгээ дурандаж байхад олон хар машинууд хурдтай цувж өнгөрсөн. Сүүлийн нэг машин нь нумарч эргээд л явсан. Тэр машин л дайрсан байх. Энэ талаар сүүлд л саахалтын айлын хүн бид хоёрт ирж хэлсэн. О-г арабууд дайрчихлаа. Бие нь тун хүнд байна шүү гэж хэлсэн. Тухайн үед 14 настай хүү нь хамт байсан юм билээ. Одоо болтол ач хүүтэйгээ ч уулзаж чадахгүй, бурхан болсон хүүгээ ч харж чадаагүй байна..." гэжээ.
Ямартай ч нутгийн малчид, шонхор агнаж буй арабуудын хооронд жил бүр маргаан гарч, нэгнээ хөнөөхөөс наагуур зүйл болдог нь ганц энэ удаагийнх биш юм. Гэвч уг асуудлын цаана хэний буруутай үйл ажиллагаа байдаг өнөөг болтол тодорхойгүй байсаар байна. Угтаа бол зөвшөөрөл өгсөн орон нутгийн удирдлагууд эрх нь хөндөгдөж буй нутгийн иргэд болон шонхор барьж буй арабуудын дунд үүсч буй асуудлыг зохицуулж, асуудал үүсэхгүй байхад анхаарах ёстой юм. Гэвч тэдний хариуцлаггүйгээс ийн нэгэн малчин амиа алджээ. Уг асуудлаар тодруулж, эргэн мэдээлнэ.
Жич: Арабуудад шонхор агнах зөвшөөрөл олгосон Баянхонгор аймгийн засаг даргын зөвшөөрлийн хуудсыг хавсаргав

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.