Д.Нямдорж: Нэг байлдагч болох О.Пүрэвжаргал ЭЕШ-даа бэлдэхээр чөлөө авсан бол нөгөө байлдагч нь эмнэлэгтээ эмчлүүлж байна
Марш тактикийн үеэр машинд дайруулсан 2 цэргийн биеийн байдал хэвийн байгаа талаар Цэргийн төв эмнэлэг, Гэмтлийн эмнэл зүйн төвийн захирал дэд хурандаа Д.Нямдорж мэдээллээ.
Өнгөрсөн зургаадугаар сарын 9-ний өдөр "Марш-тактик"-ын тэмцээний үеэр хоёр хугацаат цэргийн албан хаагч автомашинд дайруулж гэмтсэн хэрэг гарсан. Тухайн үед талбай дээр үүрэг гүйцэтгэж байсан цэргийн эмч нар яаралтай тусламж үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт шуурхай хүргэсэн байна. Эмнэлэгт ирсэн даруйд оношилгоо хийж, хэвлийн хөндийн эрхтэн болон элэгний бяцралтай байлдагч А.Мөнхэрдэнэд яаралтай хагалгаа хийж амь насыг нь аварчээ.
Одоогоор түүний биеийн байдал тогтворжиж, шарх нь эдгэрэн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Харин зөөлөн эдийн гэмтэл авсан нөгөө байлдагч нь бүрэн эдгэрч, ангидаа буцан үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд Батлан хамгаалахын их сургуульд элсэхээр бэлтгэж байгаа аж.
Ар гэрийнхний зүгээс хүүгийнх нь бие сайжирч байгаад сэтгэл хангалуун байгаа ч цахим орчинд тархаж буй "биеийн байдал нь маш хүнд" эсвэл "нас барсан" гэх мэт ташаа мэдээлэлд эмзэглэж буйгаа илэрхийллээ. Энэхүү осол нь жолоочийн хариуцлагагүй байдлаас болсон бөгөөд одоогоор хуулийн байгууллага шалгаж байна. Байлдагчийн ээж хүүгийнх нь амь насыг аварсан эмч нарт талархаж байгаагаа хэлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.