Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дахин дүгнэнэ
Улсын Их Хурал 2026.06.23–24-ний өдрүүдэд “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар боллоо.
Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргална. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Малчны тухай хууль нь малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилготой бөгөөд боловсрол, орон сууц, даатгал, малжуулах зэрэг цогц дэмжлэгийг тусгасан юм.
Тухайлбал, 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуйн чиглэлээр төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах, орон сууцны ипотекийн хөнгөлөлтөд хамруулах боломж бүрдүүлсэн байна.
Мөн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцсон нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор хуульчилжээ.
Харин гамшгийн улмаас мал сүргийнх нь 50 хувь ба түүнээс дээш хорогдсон, эсвэл тодорхой шалгуур хангасан малчин өрхүүдийг малжуулах хөтөлбөрт хамруулах зохицуулалт хэрэгжиж байна. Энэхүү сонсголоор хуулийн хэрэгжилт, бодит үр дүн болон холбогдох байгууллагуудын ажлын уялдаа, хариуцлагыг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.