Яруу найрагч Д.Болдхуяг: Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа

Яруу найрагч Д.Болдхуяг: Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа

Болорцомын эзэн яруу найрагч Д.Болхуяг тэнгэрийн орныг зорьжээ. Тэрээр 1977 оны 12 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт 2000-аад оны Монголын яруу найргийн нэг гол төлөөлөл байлаа. 

Д.Болдхуяг 2001 онд Улаанбаатарын их сургуулийг археологич мэргэжлээр төгсөөд 2003 онд тус сургуульд магистр хамгаалсан. 2009-2013 онд БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн докторантурт суралцаж “Монгол Улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” сэдвээр археологийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан байдаг.

Тэрээр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны хувиар 1999-2005 онд Монгол, Германы хамтарсан Хархорумын судалгааны экспедицид оролцжээ.

Мөн Чингис хааны өв соёлын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, "Монсудар" хэвлэлийн газарт ерөнхий редактор, 2014-2020 ондБээжин хот дахь Хятадын Төв Радио Телевизийн Ази, Африкийн төвд гадаад мэргэжилтнээр ажиллаж байв.

Д.Болдхуяг “Вааран савны нэр томьёоны асуудалд”, “Хархорумын шаазан эдлэлийн тухай дахин өгүүлэх нь”, “Хятаны хотуудын үүрэг зориулалт” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, “Хятаны өв соёл” (хамтын бүтээл), “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” (хамтын бүтээл) зэрэг нэгэн сэдэвт судалгааны зохиол туурвиж хэвлүүлсэн байдаг. 

Д.Болдхуяг 1993 оноос шүлэг зохиол оролдож, 2000 онд "Миний жаахан Амбуунаа" анхныхаа номыг хэвлүүлжээ. Тэр жилээ оюутан залуусын “Бүжинлхам” наадамд “Эгчмэдхэн” шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн байна. Улмаар Данканравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” (2001), хайрын “Цагаан уул” наадам (2002), “Алтан үзэг” наадамд (2003) жил дараалан түрүүлэв. Мөн 2006 онд монгол туургатны “Уянгын дөл” наадамд “Зэв жанжин” шүлгээрээ тэргүүн байр эзэлжээ.

Шүлгийн номууд

  • "Миний жаахан Амбуунаа". 2000 он
  • “Чинад нууцхан сэтгэл”. 2005 он
  • “Эсэруагийн охины хоолойн чимэг”. 2007 он
  • “Хундага сарны онгод”. 2009 он
  • “Мянган оны хойно" (Хөххотод монгол бичгээр хэвлэгдсэн). 2011 он
  • “Мянган наст шүлэг”. 2013 он
  • “Дурсгалын дэвтэр”. 2013 он
  • “Батцэнгэлийн бадгууд” 2014 он
  • “Амраг шанзны аялгуу (Бээжингийн Үндэсний хэвлэлийн хороонд монгол бичгээр хэвлэгдсэн). 2020 он
  • “Хэн эс үнэмшинэ”. 2022 он
  • “Ху-гийн цуур”. 2025 он

1983 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан яруу найргийн "Болор цом" наадам 2011 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод болоход "МОНГОЛ ХЭЛ" шүлгээрээ тэргүүн байр хүртэж, Болорцомын эзэн болж байсан юм. 

Түүний "Болор цом-29" наадмын Тэргүүн шүлэг Монгол хэл" шүлгийг толилуулж байна. 

МОНГОЛ ХЭЛ

Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа

Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа

Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа

Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа

Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.