Монгол улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан 512 зүслэгт компьютер томограф ашиглалтад орлоо

Монгол улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан 512 зүслэгт компьютер томограф ашиглалтад орлоо

Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр нарийвчлалтай Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж, оношилгооны үйл ажиллагаанд нэвтрүүллээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь дүрс оношилгооны салбарт шинэ шатны дэвшил авчирч, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшний оношилгооны үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.

Төхөөрөмжийг нэвтрүүлэх арга хэмжээний үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Манай улсад ийм өндөр хүчин чадалтай аппарат анх удаа суурилагдаж байна. Өмнө нь 64 зүслэгт аппаратаар зүрхний титэм судасны шинжилгээ хийхэд 2-3 цаг зарцуулдаг байсан бол шинэ төхөөрөмжөөр ердөө хэдхэн секундэд хийх боломжтой боллоо. Энэ нь гадаад улсыг зорин оношилгоо хийлгэх шаардлагыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.

Шинэ төхөөрөмж нь зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт алгоритмууд нь хөдөлгөөн болон амьсгалын улмаас үүсдэг дүрсний алдагдлыг бууруулж, судасны бүтэц, эмгэг өөрчлөлтийг илүү тод, өндөр нарийвчлалтай дүрслэх боломжийг бүрдүүлж байна.

65510f4c68ca4850b2cf716a04cb481b

ЭМЯ-ны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэг: Ойролцоогоор 4 тэрбум төгрөгийн өртөгтэй, хамгийн сүүлийн үеийн энэхүү технологийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж байна. Ингэснээр компьютер томографын шинжилгээний хүртээмж нэмэгдэж, иргэдийн хүлээлт багасахаас гадна гадаадад оношлуулах шаардлага, түүнтэй холбоотой зардал буурах боломж бүрдэнэ” гэв.

3d3dfdfd57c345139e35d3f880fa17d4

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн эмч, АУ-ны доктор, дэд профессор Д.Дэлгэрцэцэг “Өмнө нь зүрхний компьютер томографын дүрслэлийг боловсруулахад хоёр цаг орчим зарцуулдаг байсан бол одоо 10 минутын дотор гаргаж байна. Шинжилгээ өөрөө 2-7 секундэд хийгддэг болсон. 2015 оноос хойш 64 зүслэгт төхөөрөмжөөр өдөрт дунджаар 5 хүнд шинжилгээ хийдэг байсан бол шинэ 512 зүслэгт аппаратаар өдөрт хамгийн багадаа 20, сардаа 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо” гэлээ.

2bb128443bb94dcfa923fbebfff475aa

Тус төхөөрөмжөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй, хүнд болон онош тодорхойгүй өвчтөнүүдэд шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ.

b87a0adcf7fe44449c927afff575ac2c

Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф нь АНУ, Европын холбооны орнууд, Сингапур, Малайз, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсуудад ашиглагдаж буй дэлхийн хамгийн өндөр нягтаршилтай дүрс оношилгооны технологийн нэг бөгөөд олон улсын зах зээл дэх өртөг нь ойролцоогоор 2 сая ам.доллар байдаг байна.

ea64a9da543e452389138a5ca99148d0

Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр зүрх судас, тархи мэдрэл, уушги болон бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай оношлох боломж бүрдэж, Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.

d3d2faa8520e44ff9c7e5c67420f470d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.