Монгол Улсад тамхинаас шалтгаалсан нас баралт жилд 4300-д хүрээд байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тамхины онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
Энэхүү хуулийн төслийг боловсруулах болсон гол шалтгаан нь манай улс өнгөрсөн оны 12 дугаар сард Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван улстай буюу ОХУ, Киргизстан, Беларусь, Армени, Казахстан улсуудтай байгуулсан түр хэлэлцээртэй холбоотой юм. Уг хэлэлцээрийн дагуу эдгээр таван улсаас импортоор орж ирэх гаалийн татваргүй барааны жагсаалтад тамхи болон тамхины төрлийн бүтээгдэхүүнүүд багтсан байна.
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан уг хэлэлцээр ирэх 7 дугаар сарын 20-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд ингэснээр тус холбооны гишүүн орнуудаас гаалийн татваргүй тамхи орж ирэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Бусад улс орноос импортолж буй тамхинд гаалийн болон онцгой албан татвар давхар ногддог бол Евразийн хэлэлцээрт хамрагдсан орнуудын тамхи гаалийн татваргүй болсноор зах зээлд хямд үнээр нийлүүлэгдэх нөхцөл үүснэ. Энэ нь эргээд тамхины хэрэглээг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул Засгийн газар уг асуудлыг авч үзсэн болно.
Иймд татварын орчныг тэгшитгэх зорилгоор гаалийн татварыг тэглэж, түүнтэй дүйцэх хэмжээгээр онцгой албан татварыг нь нэмэгдүүлэн тэгшитгэж байна. Ингэснээр бүх төрлийн импортын тамхинд адил тэгш татвар ногдох нөхцөл бүрдэх бөгөөд энэ нь Евразийн хэлэлцээртэй холбоотойгоор хийгдэж буй зарчмын өөрчлөлт юм.
Одоогийн хууль тогтоомжид "утаагүй тамхи" зэрэг зарим шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд эрх зүйн зохицуулалтад хараахан ороогүй байгаа бөгөөд одоогийн байдлаар зөвхөн тамхины төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа янжуур тамхины татварын асуудлыг энэхүү төслөөр зохицуулж байна.
Харин таны асуусан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалт нь УИХ-ын гишүүн Г.Номинчимэгийн өргөн барьсан хуулийн төсөлд тусгагдан явж байгаа тул одоогийн хэлэлцэж буй төсөлд байхгүй зохицуулалтын талаар тайлбар хийх боломжгүй юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Тамхины хяналтын тухай хуулийг сулруулах зорилготой нам дамнасан бүлэглэлүүд үүрэг оролцоогоо хуваарилан ажиллаж байна. Тэд янжуур тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмж, хэрэглээг хязгаарлах бодлогыг эсэргүүцэн, хямд үнийг хадгалахыг эрмэлзэж байна.
Үүний зэрэгцээ электрон тамхины зохицуулалтыг сулруулах лобби хүчтэй явагдаж байгааг иргэд, хэвлэл мэдээллийнхэн анхааралдаа авах шаардлагатай байна.
Монгол Улсад тамхины шалтгаант нас баралт жилд 4300-д хүрч, ахлах сургуулийн сурагчдын тал хувь, тэр байтугай 8 настай балчир хүүхдүүд электрон тамхи хэрэглэж байгаа нь үндэсний эмгэнэл болоод байна.
Гэтэл тодорхой бизнес бүлэглэлүүд, тухайлбал БНХАУ-ын цөөн хэдэн компаниас бүтээгдэхүүн нийлүүлдэг электрон тамхины бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлын төлөө Монголын ирээдүй эрүүл мэндээрээ хохирох ёсгүй. Миний бие нийтийн эрх ашгийн төлөө энэхүү хуулийн төслийг эцсээ хүртэл хамгаалж, батлуулахын төлөө тэмцэх болно.
Хүүхдийн эрүүл мэндээс давсан бизнес гэж байх ёсгүй бөгөөд энэ хууль хаврын чуулганаар заавал батлагдах ёстой. Энэхүү хуулийн хэлэлцүүлэг нь шинээр бүрдсэн парламентын мөс чанар, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чадварыг шалгах томоохон сорилт болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.