Ганцхан жилийн дотор мах 46, талх 14 хувиар өсөв. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдэд ядуурлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байна Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд бодитой дарамт болж эхэллээ.

2025 оны зургаадугаар сартай харьцуулахад энэ оны мөн үед гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 21 хувиар өссөн байна. Үнийн энэхүү хөөрөгдөл нь өрхийн төсвийн дийлэнх хэсгийг зөвхөн хүнсэндээ зарцуулахад хүргэж, ядуурлыг гүнзгийрүүлэх гол суурь болж байгааг иргэд болон судлаачид анхааруулж байна. Тухайлбал, өргөн хэрэглээний "Мишээл" талхны үнэ жилийн өмнө 3,300-3,400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр зах, худалдааны төвүүдэд 3,800-4,000 төгрөгт хүрчээ.

Хэдийгээр зах дээр бусад үйлчилгээний газруудыг бодвол үнэ харьцангуй хямд байдаг ч талхны үнэ ийнхүү нэг жилийн дотор 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Хамгийн ноцтой өсөлт махны үнэд ажиглагдаж байна. "Баянзүрх" зах дээр хонины мах нэг килограмм нь дунджаар 24,000-25,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн 16,000-18,000 төгрөгтэй харьцуулахад даруй 46 хувиар өссөн үзүүлэлт юм.

Иргэдийн хэлж буйгаар өмнө нь 250 мянган төгрөгөөр авдаг байсан бүтэн хонины мах өнөөдөр 500 мянган төгрөг давсан нь өрхийн эдийн засагт асар их ачаалал өгч байна. Үнийн судалгаанаас харахад хүнсний багц бүтээгдэхүүний үнэ жилийн дотор мэдэгдэхүйц өссөн бөгөөд үүнд махнаас гадна төмсний үнийн өсөлт жин дарж байна.

Иргэдийн зүгээс цалин орлого нэмэгдэхгүй байгаа нөхцөлд амьжиргааны түвшин эрс буурч, наад захын хэрэгцээ болох махтай хоол идэхэд ч хүндрэлтэй болж байгааг хэлж байна. Цаашид хүнсний инфляц энэ хэвээр үргэлжилбэл иргэдийн худалдан авах чадвар улам муудаж, амьдралын чанарт нөхөж баршгүй хохирол учрах эрсдэлтэй байна. Иргэд "Цалингаас бусад бүх зүйлийн үнэ нэмэгдлээ, амьдрахад улам бүр хэцүү болж байна" хэмээн бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.