Төвийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэхийг анхаарууллаа
Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд төвийн аймгуудын ихэнх нутагт дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгааг мэдээллээ.
Иймд малчид, иргэд, тээвэрчдийг үер ус, мөндөр, хүчтэй салхи, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Өдрийн цагаар баруун аймгуудын өмнөд хэсэг, говийн аймгуудын баруун бүс болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, аадар бороо орох төлөвтэй байна.
Мөн төв болон говийн бүсийн зарим газраар салхины хурд секундэд 14-16 метр хүрч ширүүсэх аж. Агаарын температурын хувьд нутгийн хойд хэсгээр сэрүүсч, Хөвсгөлийн уулархаг нутгаар +7...+12 градус, Хангайн бүс болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар +12...+17 градус дулаан байх юм. Харин говийн бүсийн өмнөд хэсгээр +28...+33 градус хүрч хална. Улаанбаатар хотод өнөөдөр бороо орохгүй, үүлшинэ.
Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүсэх бөгөөд агаарын температур +23...+25 градус дулаан байх төлөвтэй байна.
Мөн Багануур, Тэрэлж орчимд бороо орохгүй ч салхи ширүүсч, өдөртөө +22...+25 градус дулаан байхыг цаг уурчид мэдээлэв. Иймд гол мөрөн, сайр жалга орчимд зорчих иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар анхаарч, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.