Мопед, скүүтерийг 18 наснаас дээш хүн жолоодно
Улсын Их Хурал Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мопед, скүүтер болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийн хэрэглээ, хөдөлгөөнд оролцох нөхцөлийг нарийвчлан зохицууллаа.
Хуулийн өөрчлөлтөөр мопед, түүний төрөлд хамаарах скүүтер болон ижил төрлийн тээврийн хэрэгслийг зөвхөн 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохоор болсон байна. Мөн эдгээр тээврийн хэрэгслийг "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын дагуу заавал бүртгүүлэхээр зохицуулжээ.
Түүнчлэн жолооч нь холбогдох сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгэлтэй байх шаардлага тавигдаж байна. Хуулиар эцэг, эх, асран хамгаалагчид 18 нас хүрээгүй хүүхдээ мопед, скүүтер болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээхээр тусгажээ.
Хэрэв насанд хүрээгүй хүүхэд ийм төрлийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжих юм.
Мөн нийтийн хэрэглээний мопед, скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийг хариуцлагын даатгалд заавал хамруулах зохицуулалтыг хуульд тусгасан байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-аас "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоол баталжээ.
Уг тогтоолоор Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож шинэчлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх иргэдийн мэдлэг, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Хуулийн энэхүү өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй мопед, скүүтертэй холбоотой зам тээврийн осол, эрсдэлийг бууруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгааг хууль санаачлагчид онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.