Диего Марадонагийн 4 минутын доторх "хамгийн луйврын" бас "хамгийн суут" гоолын түүх

Диего Марадонагийн 4 минутын доторх "хамгийн луйврын" бас "хамгийн суут" гоолын түүх...

FIFA 2026 Хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтан Хөлбөмбөгийн сонирхолтой түүхүүдээр цуврал рийл хүргэж байгаа билээ. “Зууны шилдэг гоол буюу  Диего Марадонагийн 4 минутын дотор бүтээсэн  "хамгийн луйврын" бас "хамгийн суут" гоолын түүхийг онцолж байна.

Фолклендийн арлуудын төлөөх дайн 1982 оны хавар Аргентин болон Их Британи улсуудын хооронд өрнөж 74 хоног үргэлжилсэн байдаг. Энэхүү дайн нь  Атлантын далайд орших жижиг арлуудын  бүрэн эрхт байдлын маргаанаас үүдэлтэй хэдий ч, хоёр улсын улс төрийн нөхцөл байдал, үндэсний бахархлын томоохон хэмжүүр болж хувирсан түүхтэй. Яг энэ дайнд хүндээр ялагдаж, олон залуусаа алдсан шарх нь эдгээгүй Аргентинчуудын хувьд 4 жилийн дараа буюу 1986 онд хөлбөмбөгийн талбай дээр өшөө авах сайхан боломж гарч ирсэн нь ДАШТ-ий талбай байлаа.

1986 оны 6 сарын 22-ны өдөр, Мексикийн алдарт "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн дуулиантай бөгөөд домгийн гэмээр тоглолт болсон юм. Энэ бол зүгээр ч нэг Дэлхийн аваргын шөвгийн 8-ын тоглолт байсангүй. Аргентинчуудын хувьд энэ тоглолт цэвэр "өшөө авалт", харин англичуудын хувьд нэр төрөө хамгаалах ширүүн тулаан байв.

Тоглолтын эхний хагас хурцадмал уур амьсгалтай, гоолгүй өндөрлөсөн ч хоёрдугаар үед хөлбөмбөгийн түүхийг хоёр хуваасан 4-хөн минут хүлээж байлаа. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Английн хамгаалагч Стив Хож бөмбөгийг санамсаргүйгээр өөрийн торгуулийн талбай руу өндөр хөөргөн өшиглөв.

Ердөө 165 см өндөртэй Марадона Английн алдарт хаалгач, 183 см өндөр Питер Шилтонтой агаарт бөмбөгний төлөө үсрэхдээ зүүн гараараа бөмбөгийг хатган хаалга руу оруулав. Шүүгч үүнийг анзааралгүй гоол гэж тооцсон нь англичуудыг шоконд оруулсан юм.

Тоглолтын дараа Марадона хэвлэлийнхэнд "Тэр гоол бага зэрэг миний толгойгоор, бага зэрэг Бурхны мутраар орсон" гэж хэлснээр хөлбөмбөгийн хамгийн алдартай гоолуудын нэг болох бурханы гар мэндэлжээ.

Эхний гоолын маргаан татраагүй, англичууд бухимдалтай байх үед буюу ердөө 4 минутын дараа Марадона хүн төрөлхтний хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гайхалтай гоолыг оруулсан юм. Тэрээр өөрийн талбайгаас бөмбөг хүлээн авч, 60 метр газрыг туулахдаа Английн шигшээ багийн 5 тоглогчийг болон хаалгач Питер Шилтоныг дараалуулан хуурч гоолдов.

Энэхүү гоолыг 2002 онд ФИФА-аас "Зууны шилдэг гоол" хэмээн албан ёсоор зарласан байдаг. Нэг тоглолтод, 4 минутын дотор "хамгийн луйврын" бас "хамгийн суут" гоолыг оруулсан нь Диего Марадона ямархан содон тоглогч байсныг гэрчилдэг билээ.

2 дахь гоол орсон ч Англичууд бууж өгсөнгүй. 81 дэх минутад Жон Барнсын гайхалтай хөндлөн дамжуулалтаар энэ дэлхийн аваргын мэргэн буучаар шалгарсан довтлогч Гари Линекер гоолдож, тооны харьцааг 2:1 болгосон ч хэтэрхий оройтсон байлаа.

Шүүгч тоглолт дууссныг зарлахад Аргентинчууд ялалтаа тэмдэглэж, дараагийн шатанд шалгаран улмаар тэр жилдээ Финалд Баруун Германы багийг 3-2-оор хожиж Дэлхийн аварга болсон түүхтэй

Энэхүү тоглолт нь зөвхөн хөлбөмбөг гэлтгүй, улс төр, сэтгэл зүй, өшөө авалтаас гадна хөлбөмбөгийн түүхэн суут тоглогчийн , үеийн үед яригдах жинхэнэ туульс болон үлдсэн билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.