Ц.Эрдэмбилэг: Нийслэлийн хэвлэл гэж маш том мангас байна. Манай төслийг булааж аваад, маргааш нь 19 хэвлэлээр харлуулсан

Нийслэлийн төсвийн сонсголд иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

"Нано Грийн Энержи Монголиа" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Цэдэвийн Эрдэмбилэг:

-Миний бие 2018 оноос хойш Монгол Улсын анхны хог хаягдлаас эрчим хүч гаргах төслийг хэрэгжүүлж ирсэн. Манай төслийг БОАЖЯ, Эрчим хүчний яам болон Нийслэлийн удирдлагууд бүгд мэднэ. Бид 2022 онд Нийслэлийн Ерөнхий менежер асан Ганболдтой хамтын ажиллагааны гэрээ, 2024 онд НИТХ-ын төлөөлөгч Номинчимэгтэй санамж бичиг тус тус байгуулсан.

Ингээд 2024 онд эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг үзэглэж, төсөл хэрэгжих шатандаа ороод байтал Нийслэлийн зүгээс "Улаанбаатар түншлэл" гэх өөрийн ТЭЗҮ-тэй шинэ компани гаргаж ирэн, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж эхэлсэн. Төслийн сонгон шалгаруулалт гэх нэр төдий "жүжиг" болж өнгөрснийг бид шүүхэд өгч нягтлуулахад, Нийслэлийн Засаг даргын 6 дугаар сарын 26-ны өдрийн А/907 дугаар захирамжаар уг төслийг сонгон шалгаруулалтгүй явуулахаар шийдвэрлэсэн баримт ил болсон.

Ингэснээр Асем Виллад асар их зардал гарган, гадаадын түншүүдтэй гарын үсэг зурсан тэрхүү ёслолын ажиллагаа нь ердөө л олон нийтэд зориулсан үзүүлбэр байж таарсан юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар төслийг сонгон шалгаруулалтгүй явуулахад үндэсний хэмжээний гамшиг нүүрлэсэн байх зэрэг маш өндөр шалгуур тавигддаг. Гэтэл 1 болон 3 дугаар цахилгаан станцын болзошгүй осолтой холбоотой Засгийн газрын "маш нууц" протоколыг үндэслэл болгон энэ асуудлыг зохицуулсан байна.

Мөн хуульд зааснаар түншлэгч тал нь Монголд бүртгэлтэй компани байх ёстой атал НИТХ-ын даргын гарын үсэгтэй шийдвэрээр Монгол Улсын бүртгэлд байхгүй гадаадын компанитай гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон нь хууль бус үйлдэл юм.

Сонгон шалгаруулалт нэртэй үйл ажиллагаа ердөө 2-3 хоногийн дотор явагдаж, манай байгууллагыг үндэслэлгүйгээр хассан. Үүний дараа 19 мэдээллийн сайтаар дамжуулан манай компанийн нэр хүндийг гутаах зорилготой "хар ПР" ажиллагааг эрчимтэй явуулсан. 

Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн хэвшилтэй өрсөлдөх компани байгуулж, ТЭЗҮ-ийг нь боловсруулан, шүүхийн зардал болон өмгөөлөгчийн хөлсийг нь хүртэл улсын төсвөөс санхүүжүүлж байгаа нь туйлын харамсалтай.

"Мега төсөл" нэрийн дор нийслэлийн өмчит компаниудыг олноор байгуулж, иргэдийн санаачилгыг үгүйсгэж байгаа энэ жишиг нь төр хувийн хэвшлийн түншлэлийг боомилж байна, гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.