FIFA-2026: Мараканагийн нулимс гэж мэдэх үү?

FIFA-2026 Хөлмбөгийн ДАШТ-ийг угтан бид хөлбөмбөгийн ДАШТ-ний талаарх сонирхолтой цувралууд хүргэж байна. 

Энэ удаад "Мараканагийн нулимс"-ийг хүүрнэж байна. 

7a15db51b7244ae6a2845aaa6cdff76c

• 1950 онд Бразил Улс түүхэндээ анх удаа ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж байв. Тухайн үеийн тэмцээний дүрэм өнөөдрийнхөөс өөр буюу шигшээд үлдсэн дөрвөн баг тойргоор тоглож аваргаа шалгаруулдаг байлаа. Тэр тэмцээнд Бразил, Уругвай, Испани, Шведийн шигшээ багууд хагас шигшээд үлдээд байсан юм. Бразилын шигшээ баг өмнөх тоглолтууддаа Шведийг 7-1, Испанийг 6-1 харьцаатайгаар талбай "бут ниргэчихсэн" байсан тул сүүлийн тоглолтод Уругвайн багтай ердөө тэнцэхэд л дэлхийн аварга болох бүрэн боломжтой байв. 

• Тойргийн тоглолтын сүүлийн тоглолт Рио-де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд Бразил Уругвай шигшээ багууд тоглохоор болоод байсан юм. Тоглолт эхлэхээс өмнө Бразил даяар ялалтаа тэмдэглээд эхэлчихсэн байлаа.

b9ab5ba99927493b81e85b36a9783687

• Орон нутгийн хэвлэлүүд тоглолтын өглөө нь "Бразилчууд - Дэлхийн Аварга" гэсэн гарчигтай сониныг аль хэдийн хэвлээд тараачихсан байв. • Тоглогчдод зориулсан алтан медалийг урьдчилан цутгаж, тоглогч бүрийн нэрийг сийлсэн байжээ. Рио-де-Жанейро хотын дарга тоглолт эхлэхийн өмнө цэнгэлдэхэд хандан "Та бүхэн хэдхэн минутын дараа дэлхийн аварга болно, би амлаж байна!" гэж микрофоноор зарлаж байсан бол Уругвайн шигшээ багийн хувьд зөвхөн хожиж байж аварга болох даалгавар байв.

Тоглолтын өмнө Уругвайн ахлагч Обдулио Варела сонины газраас Бразилыг аваргаар зарласан сониныг худалдаж аваад, багийнхаа хувцас солих өрөөний шалан дээр хаяж, тоглогчдоо сэтгэл зүйн хувьд хурцалсан гэдэг яриа байдаг билээ. Ингээд тоглолт эхэлж Уругвайчууд маш сайн хамгаалж, Бразилын ширүүн довтолгоонуудыг няцааснаар эхний хагаст гоол орсонгүй. 

Хоёрдугаар хагас эхлээд удаагүй 47 дахь минутанд Бразилын довтлогч Фриаса гоол оруулж, тоог 1-0 болгов. Цэнгэлдэх даяар баяр хөөр дэгдэж, Бразилчууд аварга боллоо гэдэгтээ улам итгэлтэй болцгоов. Энэ баяр хөөрийг эвдэж Уругвайн Хуан Альберто Скьяффино 66 дахь минутанд тоог 1-1 болгон тэнцүүлэв.

79bee1dbd84e4b668fa512e1c180c74e

Энэ үед Бразилчууд бага зэрэг сандарсан ч тэнцээний үр дүн тэднийг аварга болгоход хангалттай хэвээр байлаа. Тоглолт дуусахад 11 минут дутуу байхад Уругвайн баруун жигүүрийн довтлогч Алсидес Гижжиа хаалгач Барбозагийн ойрын булан руу цохиж тоог 2-1 болгон өөрчлөв.

Гижжиаг гоол оруулах тэр мөчид 200,000 орчим хүнтэй Маракана цэнгэлдэх хүрээлэн тэр чигтээ нам гүм, оршуулгын газар шиг чимээгүй болсон гэдэг. Хожим нь Гижжиа энэ тухай өгүүлэхдээ "Маракана цэнгэлдэхийг түүхэнд ердөө гуравхан хүн л ганцхан үйлдлээрээ чимээгүй болгож чадсан юм. Ромын Пап лам, Франк Синатра, тэгээд би" хэмээн хэлсэн байдаг. Шүүгч Тоглолтыг дууссаныг зарлахад Бразил даяар шоконд оржээ. 

Цэнгэлдэхэд байсан хэд хэдэн хөгжөөн дэмжигч зүрхний шигдээс болж зарим фанатууд амиа хорлосон харамсалтай хэргүүд гарсан байдаг.

ФИФА-ийн ерөнхийлөгч Жюль Риме нь Бразилд зориулан үг бэлдсэн байсан ба Уругвай түрүүлэнэ гэсэн ямар ч бэлтгэлгүй байсан тул Уругвайн ахлагчид цомыг маш даруухан, чимээгүйхэн гардуулж өгчээ.  Ийнхүү Уругуайн шигшээ түүхэндээ 2 дахь алтан дагинаа өргөсөн нь энэ байв.

Бразилын шигшээ баг тэр үед захтай, цагаан өнгийн өмсгөлтэй тоглодог байсан бөгөөд Энэхүү гашуун хожигдлын дараа цагаан өнгийг "азгүйтэл авчирдаг, эх оронч бус" өнгө гэж үзэн дахин хэзээ ч энэ өнгийн өмсгөлийг өмсөөгүй юм. 

Тэд дараа нь шинэ өмсгөлийн загварын уралдаан зарлаж, өнөөгийн бидний мэдэх алдартай шар-ногоон (Canarinho) өмсгөлийг хэрэглэх болсон түүхтэй.

Бразилын хаалгач Моасир Барбозаг насан туршид нь энэ хожигдлын гол буруутнаар нэрлэж, нийгмээрээ гадуурхсан байдаг. Тэрээр үхэхийнхээ өмнө: "Бразилын хуулиар хамгийн дээд ял 30 жил байдаг. Гэтэл би хийгээгүй хэргийнхээ төлөө 50 жил яллагдлаа" гэж харамсан хэлж байв.

• Энэ тоглолтыг Албан ёсоор 173,850 хүн цэнгэлдэхэд үзсэн гэж үздэг ч тасалбаргүй орсон хүмүүсийг оролцуулаад бараг 200,00) байсан гэж үздэг . Энэ нь хөлбөмбөгийн түүхэн дэх нэг тоглолтыг хамгийн олон хүн үзсэн амжилт хэвээр байна. Хөлбөмбөгийн түүхэнд энэ тоглолтыг "Мараканагийн нулимс" хэмээн тэмдэглэн үлдсэн байдаг билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.