Л.Саруулбат: Нэг Монгол Улс гэж байдаг шиг нэг л бодибилдингийн холбоо байгаасай
Бодибилдингийн УАШТ-ийг тойрсон маргааны талаар Дэлхийн хүрэл,Азийн хүрэл медальт, Монголын 7 удаагийн аварга Л.Саруулбатын байр суурийг хүргэж байна
Миний хувьд Монгол Улсын долоон удаагийн аварга болж, 60-аас 75 кг-ын жинд тасралтгүй түрүүлж байлаа. Дэлхийн болон Азийн аваргын хүрэл медаль хүртэж, энэ спортод карьер хөөж яваа залуусын өмнөх үеийн төлөөлөл болсондоо баяртай байдаг. Бидний үеийнхэн ах нараа харж тамирчин болсон шиг, өнөөдрийн залуус ч биднийг харж энэ спортод дурласан байх. Бодибилдинг бол хүнийг тэсвэр хатуужилтай болгодог гайхамшигтай спорт юм.
Монголын бодибилдингийн холбоо үе үедээ чадахаараа ажиллаж ирсэн. Одоогоор манай улсад хоёр тусдаа холбоо үйл ажиллагаа явуулж байгаа нь нууц биш. Нэг нь улсад бүртгэлтэй, санхүүжилт авдаг бол нөгөө нь олон шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн байдаг. Уг нь нэгдсэн нэг холбоотой байвал спортын хөгжилд хэрэгтэй ч, нэгнийгээ үгүйсгэж шүүмжлэх нь хэрээс хэтэрч байна. Холбооны удирдлагад ажиллаж буй хүмүүс рүү дайрч давшлах амархан ч, тэр их ажлын ард гарч, шүүмжлэлийг дааж явна гэдэг амаргүй даваа юм.
Тамирчин хүн тайзан дээр ердөө 15 мянган төгрөгийн үнэтэй медаль авах гэж гардаггүй. Энэ спортын гол зорилго бол нийгмийг эрүүл байлгах, зөв амьдралын хэв маягийг сурталчлах явдал юм. Бид эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнийг хэвшил болгосноор хорт хавдраас сэргийлж, урт наслах боломжтой гэдгийг өөрийн биеэр харуулах ёстой. Тэмцээний тайз бол атаа жөтөө, хэрүүл уруул, нэгнийгээ хорлох талбар биш юм.
Олны танил хүмүүс, тамирчид нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх үүрэгтэй. "Монгол аархал" гэж ярингаа том гэдэс гаргаж суух биш, бие бялдар, сахилга батаараа манлайлах хэрэгтэй. Тэмцээнд заавал медаль авах албагүй, өөрийгөө ялан дийлж, тавдугаар байранд орсон ч сэтгэл дүүрэн бууж байгаа ээжүүд, залуус бүгд ялагчид юм. Хүн бүхэн медаль руу тэмүүлэхээс илүүтэй эрүүл амьдралын төлөө хичээх нь бодибилдингийн спортын жинхэнэ гайхамшиг билээ.
Бодибилдингийн спорт бол фэйсбүүк дээр хэдэн "лайк" цуглуулах, өчүүхэн карьер хөөх хэрэгсэл биш. Саяхан нэгэн тэмцээн дээр шүүлтийн алдаа гарсан ч хоёр тамирчин бие биенээ хүндэтгэн тэврэлдэж байгаа нь үнэхээр бахархмаар байлаа. Бид тахиа донгодсоноор нар манддаг гэж боддог тахиа шиг байж болохгүй. Хэн нэгнээс үл хамааран энэ спорт хөгжсөөр байх болно. Хамгийн гол нь үнэнч шударга байж, бусдыг зөв зам руу хөтлөх нь бидний эрхэм зорилго байх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.