Ж.Баярмаа: Цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох саналыг дэмжсэнгүй нь харамсалтай
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын санаачилсан "Цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох” саналыг ажлын хэсгийн хуралдаанаар дэмжээгүй аж. Гэхдээ шаталсан маягаар татварыг тооцох зохицуулалтууд тусгагджээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн цахим худаснаа нийтэлжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслийг нэгтгэх, цэгцлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хууль санаачлагч өөрөө оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, төсөл өргөн баригдсаны дараа түүнийг хэрхэн өөрчлөхийг ажлын хэсэг шийддэг.
Өчигдөр хуралдсан ажлын хэсэг бидний өргөн барьсан төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцэхдээ “Цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох” саналыг дэмжсэнгүй. Энэ нь тун харамсалтай.
Оронд нь зөвхөн 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1%-ийн татвартай болгох хувилбарыг дэвшүүлсэн. Энэ ангилалд нийт цалин авч буй иргэдийн ~53% буюу бараг 544,183 орчим нь хамрагддаг тул оргүйд орвол гээд саналыг хүлээн авахаас өөр сонголт байсангүй.
Мөн нэг эерэг өөрчлөлт нь иргэдийн цалингийн 792,000 ₮-т төлсөн татварыг дараа нь буцаан олгохын оронд анхнаас нь татвараас чөлөөлж, 0%-тай байхаар тусгасан явдал юм.
Дээрх өөрчлөлт батлагдвал 0-792,000-д 0%, 2 сая хүртлэхэд 1% болно. 2 сая болон түүнээс дээш цалинтай иргэн бүрийн гар дээр сар бүр 188,000 төгрөг илүү үлдэнэ.
Жишээ нь:
• 2 сая ₮-ийн цалинтай иргэн татварт одоо төлдөг 10% буюу 200,000 ₮-ийн оронд 12,000 ₮ л төлнө.
• 5 сая ₮-ийн цалинтай иргэн 500,000 ₮-ийн оронд 312,000 ₮ татварт төлнө.
Төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Төсвийн байнгын хороогоор, Баасанд нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Гишүүд татвар төлөгчдийн эрх ашгийн төлөө дэмжинэ гэж найдаж байна. Энэ нь хэдий бүрэн ялалт огт биш ч татварын ачааллыг бууруулах бодлогын эхний бодит алхам, ахиц гэж бодож байна.
Бид бүх дунд орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 1% болгох зорилгоосоо ухрахгүй бөгөөд цаашид ч энэ чиглэлээр ажиллах болно, гэжээ.
Сэтгэгдэл (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.