С.Чулуун: Хотгойдын шадар ван Чингүнжавыг эхнэрийнх нь өмнө 300 орчим огтчиж хороосон гэдэг

Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) 105 жилийн ойд зориулан "Монголчуудын хууль цаазын уламжлалт түүх" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Чингис үндэсний хаан музейн захирал С.Чулуун:

-Миний бие өөрийн судалгааны чиглэлийн дагуу Хотгойдын Шадар ван Чингүнжавын түүхтэй холбоотой нэгэн илтгэлийг хэлэлцүүлж байна. Манж Чин улсын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж, улмаар баригдан цаазлуулсан түүний тухай ард түмний дунд олон домог яриа байдаг. Тухайлбал, Чингүнжавыг 81 зоосны нүхээр цувуулан огтолж цаазалсан гэх домог түгээмэл боловч түүхэн бичвэрт энэ тухай тодорхой мэдээлэл хомс байсан юм. Харин миний бие түүнийг цаазлах үйл явцыг нүдээр үзсэн Оросын элчийн тэмдэглэлийг олж судалгаандаа ашиглалаа.

1757 онд Бээжинд байсан Оросын элч Братищевын тэмдэглэлд Шадар ван Чингүнжавыг хэрхэн цаазалсан тухай дэлгэрэнгүй дурдсан байдаг. Тэнд бичсэнээр, Манжийн хаан Чингүнжавыг ордныхоо өмнө хүлж сөгдүүлээд, хатных нь нүдэн дээр биеийг нь 300 гаруй хэсэг болгон огтолж цаазалсан байна. Энэхүү баримт нь ард түмний дунд байдаг "81 зоосны нүхээр цувуулан яргалсан" гэх домог түүхэн үндэслэлтэй болохыг баталж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Чингүнжавыг хамгийн харгис хэрцгий аргаар буюу "огтчих" ялаар шийтгэсэн нь бичгийн сурвалжаар ийнхүү нотлогдож байна. Чингүнжав Манж Чин улсын албыг хаяж, Халхчуудыг Тэнгэр тэтгэгч хааны эсрэг босохыг уриалсныхаа төлөө ийнхүү хүнд ял сонсжээ.

Тэрээр зөвхөн өөрөө шийтгүүлээд зогсохгүй 80 настай эмэг эх, 22 настай дүү охин, эхнэр болон хоёр хүүгийн хамт Бээжинд хүргэгдсэн байна. Манжийн хаан түүний таван настай хүүг өвөг эцгийнх нь гавьяаг бодож амьд үлдээсэн ч, бусад бүх гэр бүлийн гишүүдийг нь цаазалжээ.

Цаазын гүйцэтгэлийг гэр бүлийнхнийх нь нүдэн дээр үйлдсэн нь туйлын харгис явдал байв. Энэхүү илтгэл нь монголчуудын дунд аман зохиолоор дамжин ирсэн түүхэн ой санамжийг бичгийн сурвалжаар баримтжуулж буйгаараа ач холбогдолтой.

Чингүнжав бол үндэсний тусгаар тогтнол, язгуур эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч байсан бөгөөд түүний Манжийн хаанд хандаж хэлсэн "Чингис хааны үрийг язгуураас яллах хууль чамд байхгүй" хэмээх үг нь түүний бат зогсолт, язгуур угсаагаа дээдэлсэн үзлийг илтгэдэг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.