Малчин өрхийн хүүхдүүд 1-2 дугаар ангид зайн болон цахимаар суралцах боломжтой болно

Малчин өрхийн хүүхдүүд 1-2 дугаар ангид зайн болон цахимаар суралцах боломжтой болно

УИХ-ын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөлд малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тухайн онд найман нас хүрэх хүүхдийг сургуульд элсүүлэх, мөн 1, 2 дугаар ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр зайн болон цахим сургалтад хамруулах зохицуулалтыг тусгажээ. Төсөл санаачлагчдын мэдээлснээр малчин өрхүүд хүүхдээ сургуульд сургахын тулд хот, суурин газарт шилжин суурьших, эсвэл гэр бүлээрээ тусдаа амьдрах шаардлага үүсдэг нь нийгмийн тодорхой хүндрэл дагуулж байна.

 Тиймээс бага ангийн боловсролыг мал аж ахуйн онцлогт нийцүүлэн уян хатан хэлбэрээр эзэмших боломж бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Хуулийн төсөлд зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдүүдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн суралцуулах, уг сургалтыг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгасан байна.

Төсөл батлагдвал малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжийг өргөжүүлж, нүүдлийн ахуй, уламжлалт амьдралын хэв маягаа хадгалан суралцах эрх зүйн орчин бүрдэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.