Б.Нямгомбо: Ял шийтгэлийг Хүннүгийн үеэс оногдуулж байсан. Тэр үед 10 хоногоос хэтрүүлэхгүй хорьж байсан

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 105 жилийн ойг тохиолдуулан ШШГЕГ болон ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран "Монголын нүүдэлчдийн хууль цааз, ял шийтгэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

ШШГЕГ захиргааны удирлагын дарга Б.Нямгомбо: 

Энэхүү хурлын гол онцлог нь Монголын төрт ёс, эрх зүйн түүхэн эх сурвалжуудыг нээн илрүүлж, судалгааны эргэлтэд оруулахад оршиж байгаа юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 1921 оноос хойших орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ял шийтгэлийн бодлого, арга хэлбэрийн талаар тодорхой суурь судалгаанууд хийгдэж ирсэн. Харин МЭӨ III зуунаас эхлэн Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгур, Хятан зэрэг эртний улсууд, мөн Их Монгол Улс, Юань гүрэн, Ойрад Монгол болон Манжийн үеийн ял шийтгэлийн бодлого, түүний хэрэгжилтийг нарийвчлан судлах шаардлага тулгарч байна.

 Энэхүү түүхэн орон зайг нөхөх зорилгоор бид Түүхийн хүрээлэнгийн мэргэшсэн эрдэмтдээр тусгайлсан судалгаануудыг захиалгаар хийлгэж, үр дүнг нь хэлэлцүүлж байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, алба хаагчид болон энэ чиглэлээр суралцаж буй оюутан, судлаачдад түүхэн эх сурвалж бүхий суурь мэдлэг олгох, судалгааны бааз суурийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Эрдэмтдийн тавьж буй илтгэлүүдээс сонирхолтой баримтууд олноор гарч байна. Тухайлбал, Хүннүгийн үед хорих ялыг 10 хоногоос хэтрүүлдэггүй байсан, Түрэг болон Ойрад Монголын үеийн ял шийтгэл гүйцэтгэлтэй холбоотой археологийн олдворууд зэрэг нь шинэлэг мэдээлэл болж байна. Цаашид бид ШУА-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцооны түүхэн уламжлалыг гүнзгийрүүлэн судлах зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.