Кавата Шоко нь жирэмсний амралт авч буй Японы анхны сонгуульт хотын дарга болж магадгүй байна
Японы Киото мужийн Явата хотын дарга, 35 настай Кавата Шоко жирэмсний амралт авахаа зарласнаар улс даяар өргөн хэлэлцүүлэг өрнөж, Японы эрэгтэй төвтэй хөдөлмөрийн соёл болон улс төрийн тогтолцоонд оршсоор буй томоохон зөрчлийг ил болгожээ.
2023 онд сонгогдсон Кавата дарга энэ оны есдүгээр сарын дундуур амаржих төлөвтэй бөгөөд төрөхөөс өмнөх болон төрсний дараах нийт 16 долоо хоногийн жирэмсний амралт авахаар төлөвлөж байна.
Одоогийн байдлаар ажиллаж буй хот, аймаг, сумын дарга зэрэг сонгуульт удирдах албан тушаалтан жирэмсний амралт авч буй анхны тохиолдол Японд болж магадгүй гэж үзэж байна.
Японд төрийн албан хаагчдад жирэмсний амралт олгох зохицуулалт байдаг ч сонгуулиар сонгогдсон албан тушаалтнуудын хувьд ийм эрхийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчин байдаггүй аж. Япон улсад төрөлт эрчимтэй буурч, улс төр дэх жендэрийн тэгш бус байдал хэвээр байгаа энэ үед Кавата Шоко "Энэ нь холбогдох тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх эхлэл болно гэж найдаж байна" хэмээн ярьжээ.
Япон Улс өнгөрсөн жил анхны эмэгтэй Ерөнхий сайдтай болсон. Харин Олон улсын парламентын холбоо (IPU)-ны мэдээллээр Японы Төлөөлөгчдийн танхим дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 15 хувьд ч хүрдэггүй байна.
Кавата CNN-д өгсөн ярилцлагадаа "зөвхөн ажилтан бус, байгууллагын удирдлага, менежер зэрэг бүх түвшний хүмүүс ажил, амьдралын зөв тэнцвэрийг хадгалж, хүүхэд төрүүлэх, өсгөх зэрэг амьдралын чухал үйл явдлуудад оролцох боломжтой байх ёстой" гэж үздэгээ илэрхийлжээ.
Тэрээр жирэмсний амралтын хугацаанд орлогч даргадаа үүргээ шилжүүлэн ажиллуулж, өөрөө гэрээсээ хүүхдээ асрахын зэрэгцээ цахим шуудангаа шалгаж, шаардлагатай ажлуудаа хянаж байх төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэвч энэхүү мэдэгдлийн дараа нийгмийн сүлжээнд түүнийг шүүмжилсэн олон сэтгэгдэл гарчээ. Зарим хүн сонгуульт албан тушаалтан ажлаасаа түр хөндийрөх нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буй хэрэг хэмээн үзсэн байна.
Харин Кавата Шоко өөртэй нь биечлэн уулзаж ярилцсан хүмүүсийн ихэнх нь гайхалтай ойлголттой хандсан гэж хэлээд, хотын захиргааны ажилтнууд болон иргэд хүртэл "Эргэлзэлгүйгээр амралтаа авах хэрэгтэй" хэмээн дэмжсэн талаар онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.