Иргэдийн шаардлагыг биелүүлэхгүй бол Оюутолгой компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авна
Үндэсний эрх ашиг, баялгийн шударга хуваарилалтын төлөөх жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Сэтгүүлч Б.Отгоны санаачилгаар өрнөж буй энэхүү тайван жагсаал нь "Оюутолгой" төслийн үр өгөөжийг ард түмэнд бодитоор хүртээх, үндэсний эрх ашгийг дээдлэх түүхэн шаардлагыг тавьж буйгаараа онцлог юм. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн байх үндсэн хуулийн зарчмыг сануулсан иргэд өнөөдөр нэгэн зорилгын дор нэгдлээ.
Сэтгүүлч Б.Отгон олон жилийн турш уул уурхай, байгалийн баялгийн асуудлаар дагнаж, далд нуугдмал баримтуудыг ил болгож ирсэн туршлагатай нэгэн.
Энэ удаад зөвхөн мэдээлэх бус, иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд бодит үйлдэл хийж, "Оюутолгой" ХХК-д хандсан шаардлагыг боловсруулан, олон нийтийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн байна.

Түүний санаачилсан энэхүү хөдөлгөөн нь томоохон төслүүдийн ил тод байдлыг хангах, хариуцлагыг өндөрсгөхөд чиглэж байгаа юм. Жагсагчдын зүгээс "Оюутолгой" компанийн удирдлагуудад хүргүүлж буй шаардлагад хэд хэдэн зарчмын асуудлыг тусгажээ.
Үүнд, төслийн гэрээний нөхцөлүүдийг Монгол Улсад ашигтайгаар эргэн харах, далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг ил тод болгох, байгаль орчны нөхөн сэргээлтийг олон улсын стандартын дагуу чангатгах зэрэг заалтууд багтсан байна.
Мөн орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтыг бодитой болгож, Монгол ажилчдын нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж байгаа юм. "Бид баялгийнхаа эзэн байх ёстой" гэсэн уриа дор нэгдсэн иргэд Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаасаа тэгш хүртэх эрхтэйг сануулж байв.
Сэтгүүлч Б.Отгон энэ үеэр хэлэхдээ, уг арга хэмжээ нь иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, мега төслүүдийн үр ашгийг ард түмний амьдралд наалдуулах зорилготойг онцоллоо.
Энэхүү шаардлага нь зөвхөн өнөөдрийн асуудал бус, хойч үеийнхний өмнө хүлээж буй хариуцлага гэдгийг тодотгосон юм.
Иргэдийн төлөөлөл шаардлагынхаа хариуг албан ёсоор авч, бодит үр дүн гартал тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлээд байна. Энэхүү үйл явдал нь Монгол Улсын иргэний нийгмийн идэвх оролцоо, байгалийн баялагтаа эзэн болох эрмэлзлийг тод харуулж байна.

Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.