Франц Улсын иргэн Стив Морел: Би Монголоос холдож чадахгүй…

"Монголоор хөөрөлдье" подкастын ээлжит дугаарт Франц Улсын иргэн, судлаач, морин хуурч Стив Морелтой ярилцлаа. Тэрээр Монгол орныг зорин ирж, монгол хэл, соёл, түүхийг бие, сэтгэлээрээ мэдэрч, 12 жилийн турш энд ажиллаж амьдарч байгаа юм. 

Франц Улсын иргэн, судлаач, морин хуурч Стив Морел:

-Би арваад жилийн өмнө Францад кино найруулагч, график дизайнерын ажиллаж байсан. Өдөр шөнөгүй ажилласаар эрүүл мэндээрээ хохирч, нэг удаа бүр ухаан алдан унаж байсан.

Яг энэ хүнд үедээ "Би ер нь юуны төлөө амьдарч байна вэ. Миний амьдралын утга учир юу вэ?" гэж өөрөөсөө асууж эхэлсэн. Тэр үед нэгэн найз маань  Тува, Монгол ардын хөгжмийн цомог өгсөн. Энэ бол минйи амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Хөөмий, хархираа, уртын дууны тэрхүү ер бусын аялгууг сонсоод өөрийн мэдэлгүй энэ соёлтой холбоотой гэдгээ мэдэрсэн.

Анх удаа интернэтээр морин хуур тоглож буй монгол хүний бичлэгийг үзээд шууд л дурласан. Морин хуурын барилт, нумны хөдөлгөөн, гаргаж буй авиа нь надад байгаль дэлхий, өвөг дээдэстэйгээ холбогдох гүүр мэт санагдсан. Ингээд Францад тоглолтоор явж байсан Цогтгэрэл хэмээх монгол залуутай холбогдож, анхны морин хуураа худалдаж авч байсан.

Анхны хуураа татаж үзэхэд нь нүдэнд нь нулимс цийлэгнэж, энэ бол зүгээр нэг хөгжмийн зэмсэг биш, маш том сүнслэг хүч гэдгийг ойлгосон. 

Монголд анх хөл тавихад бүх зүйл шинэ, содон байлаа. Хүмүүсийн яриа, орчин тойрон, уур амьсгал гээд л. Хэдийгээр хэл мэдэхгүй байсан ч монгол хэлний аялгуу надад маш дотно, сайхан сонсогдож байв. Ховд аймагт очиж, монгол ахуйтай танилцсаныхаа дараа "Би энд л ясаа тавина, эндээс хэзээ ч явахгүй" гэсэн хатуу шийдвэр гаргасан. Түүнээс хойш 12 жил өнгөрсөн ч Монголыг гэх хайр өдөр бүр нэмэгдсээр байгаа юм. Би "эрчис" буюу газрын энергийг маш өндрөөр үнэлдэг. "Эрчис" гэдэг үгийг "энерги" гэх гадаад үгнээс илүү хүчтэй, гүн утгатай гэж үздэг бөгөөд Монгол орны байгаль, хүмүүсийн сэтгэлийн цагаан чанар намайг энд уяж байдаг гол хүч.

Би өөрийгөө өмнөх төрөлдөө Монголд амьдарч байсан байх гэж боддог. Одоо ч намайг нэгэн монгол өвөөгийн онгод ивээж, судалгааны ажилд нь зөвлөж, тусалдаг гэж итгэдэг.

Өнөөдөр Би "уугуул" хэмээх вэбсайт ажиллуулж, дэлхийн өнцөг булан бүрт суугаа гадаад хүмүүст монгол бичиг, морин хуур, монгол соёлыг зааж сургаж байна. Миний сургалтад 1200 гаруй хүн хамрагдаж, монгол соёлыг шимтэн судалж байгаа нь бахархууштай.

Би монгол бичгийг дэлхийн хосгүй өв, хүн төрөлхтнийг гэгээрэлд хүргэх нэгэн түлхүүр гэж үздэг. Мөн орчин үеийн залуус монгол бичгээ мартаж байна гэхээс илүүтэйгээр, харин ч шинээр сэргээж, сонирхон судалж байгаад нь туйлын баяртай явдаг. Би өдөр тутмын амьдралдаа зөвхөн монгол дээл өмсөж, монгол ахуйгаар амьдрахыг эрхэмлэдэг.

Миний хувьд морин хуур, уртын дуу, бөө мөргөл, монгол бичиг бол зүгээр нэг үзүүлбэр биш, харин хүнийг зөв амьдрахад сургадаг, сэтгэлийн амар амгаланг бэлэглэдэг агуу соёл. 

Тэрээр уртын дууны үг бүрийг орчуулж, түүний цаадах гүн гүнзгий утга учрыг тайлж судалдаг бөгөөд монгол соёл дэлхийд түгвэл хүмүүс хоорондоо илүү эелдэг, зөөлөн харилцах болно гэдэгт итгэдэг. Хэдийгээр би Монголын уран сайхны кинонд тоглож байсан ч өөрийгөө жүжигчин гэхээс илүүтэйгээр "монгол судлаач" гэж нэрлүүлэх дуртай.

Миний гол зорилго бол монгол соёлын гүн рүү нэвтэрч, түүнийг дэлхий дахинд зөвөөр таниулан сурталчлах явдал.

Сэтгүүлч: Бидний ярилцлага Эзэн Чингис хааны талбайд нарлаг сайхан өдөр өрнөж, монгол хэлний агуу баялаг, соёлын үнэ цэнийг дахин нэг мэдэрсэн цаг хугацаа байлаа. Монгол хэлээрээ дэлхий даяар хөөрөлдөж, өв соёлоо хайрлан хамгаалж явахын ерөөл өргөж, энэ удаагийн подкастаа өндөрлүүлье. Дараагийн дугаараар дахин уулзацгаая. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.