Я.Содбаатар: Манай нам одоо 38/30 гэж хуваагдахаа больсон
МАН-ын ЕНБД Я.Содбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
МАН-ын ЕНБД Я.Содбаатар:
-Сонгуульд ялахын тулд дотоод эв нэгдэл хамгийн чухал. Нийслэлийн намын хорооны хурал дээр Хотын дарга асан Д.Сумъяабазар болон бусад нөхдийн хэлсэн шүүмжлэл, байр суурьтай холбоотой асуудлууд бий. Гэхдээ намын нөхөд маань хэлсэн үгнээсээ уучлал гуйгаад л явж байна.
Нам дотор тодорхой томилгоо болон Их хуралтай холбоотойгоор гишүүд хуваагдах тохиолдол байсныг нуухгүй. Гэвч намын шинэ удирдлагуудын зүгээс болон миний бие Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд олон удаагийн уулзалт, ойлголцлыг зохион байгуулж, улс төрчдийн хоорондын харилцааг нэгтгэхэд онцгойлон анхаарч ажилласан.
Одоогийн байдлаар дотоод зөрчил, гомдол тунирхал харьцангуй гайгүй болсон гэж үзэж байна. Гэхдээ Ардын нам дотроо ойлголцоно гэдэг нь авлига, албан тушаалын хэрэг эсвэл хариуцлагагүй байдалтай эвлэрнэ гэсэн үг биш юм.
Намын дүрэм болон төрийн хуулийг зөрчиж, ард түмний дунд намын нэр хүндийг унагаж буй аливаа асуудалтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Харин улс орны эрх ашиг, ард түмэнд өгсөн амлалт, намын дүрмийн хүрээнд нийтлэг том зорилгын төлөө хамтарч ажиллах нь бидний заавал хийх ёстой алхам юм.
Энэ чиглэлд Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын бүх түвшний удирдлагуудтай уулзаж, нэгдсэн ойлголтод хүрч ажиллаж байна.
Зургаадугаар сарын 10-аас эхлэн "Ардын нам ард түмэнтэйгээ" аяныг эхлүүлж, бүх сумдад хүрч ажиллана. Намын 300 гаруй мянган гишүүндээ бодит мэдээлэл өгч, нэгдсэн нэг зүгт харж ажиллах цаг болсон гэж харж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд төрийн тэргүүн бөгөөд хуулийн дагуу нам бус хүн. Тиймээс намын дотоод ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн талаар ямар нэгэн тайлбар хийх нь зохимжгүй.
Намын нэр хүндийн тухайд янз бүрийн судалгаа гардаг ч бодит дүн сонгуулиар л илэрдэг. Өнгөрсөн оны нөхөн сонгуулиар Ардын нам 71.2 хувийн санал авч ялсан. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуульд манай нэр дэвшигч 61.2 хувийн саналаар ялалт байгуулсан. Удахгүй болох орон нутгийн нөхөн сонгуулиуд ч бодит байдлыг харуулах болно.
Миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ нам дээрээ тодорхой илэрхийлсэн. Намын "гал тогоог" барьж байгаа хүний хувьд сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, намынхаа ялалтыг хангах нь миний үндсэн үүрэг.
Харин УИХ-ын сонгуульд хэн нэр дэвших тухай ярихад одоогоор эрт байна. Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хиймэл оюун ухаан болон олон улсын дэвшилтэт программ хангамжуудыг ашиглан нарийвчилсан мониторинг хийж байна.
Намын дэргэдэх бодлогын 11 хороо салбар бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж, амлалтын биелэлтийг дүгнэж байгаа. Салбар бүрт мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байгаа, үлдэж буй хугацаанд ямар арга хэмжээ авахыг нарийвчлан тодорхойлсон.
Судалгаанаас үзэхэд эдийн засгийн өсөлтийг 6 хувиас доош оруулахгүй байх, инфляцыг 8 хувьд барих нь мөрийн хөтөлбөр хэрэгжих гол үндэс болж байна. Тиймээс УИХ дахь бүлэг болон Засгийн газарт татварын бодлого, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг асуудлаар тодорхой чиглэл өгч, Бага хурлаар шийдвэр гаргасан.
Намын дэргэд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг өдөр тутам хянадаг тусгай нэгж ажиллаж, яамдыг шахаж ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.