Чингис хаан Үндэсний баялгийн сан ХХК-ийн хамт олон 100 гаруй мод тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс монгол” нэгдлийнхэн 5-р сарын 31-нд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн хамт олон 100 гаруй мод тарьж нэгдлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл хариуцлагатай уул уурхайг үлгэрлэж, 2030 он хүртэл нийт 291.5 сая мод тарьж ногоон байгууламж бий болгохоор “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдсэн билээ. Үүнээс энэ онд 1.2 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Уул уурхайн салбарынхны үйл ажиллагаа нь байгалийн баялгаас өгөөж хүртэх байдаг бол нөгөө талдаа нөхөн сэргээлт чухал. Энэ хоёр хоёулаа чухал. Нэг зоосны хоёр тал юм. Тиймээс Төрийн өмчит уул уурхайн компаниуд үүнд онцгой анхааран манлайлж оролцохыг онцлон дурдлаа.
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Баялгийн сангийн хуримтлалд хувь нэмрээ оруулж буй уул уурхайн компаниудад талархал илэрхийлж цаашид эко цэцэрлэгт хүрээлэнд тарьсан модоо арчилж, тордохыг уриалсан юм.
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайн 55 га-г эхний ээлжид ашиглалтад оруулахаар байгууллагууд хавар, намар мод тарьж байгаа бөгөөд энэ хавар 100 гаруй байгууллага 30 мянган мод тарьжээ. Энэ нь өмнөх онуудаас илүү үзүүлэлт юм.
Мөн Туул голын усны ундаргын ай сав газар тул түүнд тохирсон мод тарьж ургуулж, жилийн дөрвөн улирал усалгаа, арчилгааг тогтмол хийж байгааг Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Энхсайхан хэлсэн юм.
Мөн тэрбээр “Бид ирээдүйдээ, үр хүүхдэдээ үлдээж буй хамгийн том хувь нэмэр бол ногоон байгууламж, мод тарих юм. Тиймээ иргэд та бүхэн мод тарихад идэвхтэй оролцоорой” гэв.
“Эрдэнэс монгол” нэгдлийнхэн тарьж, ургуулсан модоо хамгаалж, тогтмол арчилдаг соёл бий болгох, байгаль орчны тэнцвэрийг хадгалах, цөлжилтийг сааруулах, ногоон ирээдүйг бүтээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодит үр дүнд хүргэхээр зорьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.