О.Амгаланбаатар: Насанд хүрсэн хүн морио унаад, нум сумаа харваад, бөхөө барилдах энэ төрлийг л нэмэх санал оруулсан

Баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй ч, асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болоод байна. Хэрэв чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжвэл хуулийн төсөл цаашид үргэлжлүүлэн хэлэлцэгдэх юм.

Хуулийн төсөлд тусгасан нэг чухал өөрчлөлт бол "Эрийн гурван наадам"-ын шинэ төрлийг нэмэх асуудал юм. Энэ нь насанд хүрсэн иргэд өөрсдөө морио унаж уралдах, нум сум харвах, бөх барилдах боломжийг бүрдүүлэх зорилготой.

Энэхүү зохицуулалт нь одоогийн наадмыг үгүйсгэж, байхгүй болгох бус, харин уламжлалт наадмын хажуугаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шинэ төрөл болж орж ирж байгаагаараа онцлогтой. Өнөөдөр үндэсний баяр наадам хэт мэргэжлийн түвшинд шилжсэнээр жирийн иргэд, ялангуяа хөдөөгийн ард иргэд наадамдаа оролцогч биш, зөвхөн үзэгч болон хувирчээ.

Хориод жилийн өмнө сумын наадамд залуус бүгд барилдаж, нийтээрээ баярлан цэнгэдэг байсан бол одоо бөх, морь нь мэргэжлийнх болж, наадмын утга учир алдагдахад хүрээд байна. Зарим суманд уралдах морь олдохгүй, азарганы уралдаанд таван морь хүргэхийн тулд уяагүй азарга нэмж оруулах тохиолдол ч гарч байна.

Энэ нь үндэсний баяр наадам ард түмнээсээ холдож буйн илрэл юм. Хуулийн төслийн гол зорилго нь үндэсний баяр наадмыг эргүүлэн ард түмэнд нь өгөх, хүн бүр оролцох боломжтой болгоход оршиж байна.

Орон нутгийн амьдрал, иргэдийн бодит нөхцөл байдлыг сайн мэдэхгүй зарим гишүүд үүнийг эсэргүүцэж байгаа ч энэ нь ард түмэнд зайлшгүй хэрэгтэй зохицуулалт юм. Мөн гадаадад амьдарч буй олон мянган монголчуудын хүсэлтийн дагуу хилийн чанадад зохион байгуулагдах баяр наадамд барилдаж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох асуудлыг тусгасан.

Энэ нь гадаадад байгаа иргэдийнхээ үндэсний өв соёлоо дээдлэх эрмэлзлийг дэмжиж, наадмын утга учрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үүнийг ажлын хэсэг байгуулан нарийвчлан судалж, шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.