Р.Даваадорж: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар английн 2 иргэнтэй 1.3 сая долларын нууц гэрээ байгуулсан. Энэ мөнгөө төрийн өмчит компаниудаас нэхэмжилсэн байдаг

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн талаар эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж АТГ өргөдөл гаргалаа

Р.Даваадорж:

Өнөөдөр миний бие Авлигатай тэмцэх газарт (АТГ) өргөдөл гаргалаа. Энэхүү өргөдөл нь зөвхөн нэг дарга, цэрэгтэй холбоотой асуудал биш, харин Монголын төр засаг ямар хүнд байдалд орсныг харуулж буй хэрэг юм. Өнөөдөр Монголд авлига соёл болон тогтож, иргэдийн мэдэх эрх ноцтой зөрчигдөж байна. Урьд нь авлигачид шүгэл үлээгчдээс эмээдэг байсан бол одоо эсрэгээрээ тэднийг шүүх, цагдаагаар айлган сүрдүүлдэг болжээ. Монгол Улс авлигад бүрэн идэгдсэн орнуудын дээд түвшинд хүрлээ гэхэд хилсдэхгүй.

 Үүний бодит жишээ нь 2021-2022 онд Монгол Улсын Засгийн газраас Их Британийн хоёр иргэнтэй байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний асуудал юм. Тухайн үед 1.3 сая фунт стерлингийн өртөгтэй гэрээ байгуулсан атлаа Засгийн газар нь гэрээ байгуулагдсаны дараа буюу 2024 онд нөхөн хуралдаж, мөнгө олгох шийдвэр гаргасан байна. Болсон процессын араас Засгийн газар нөхөн хуралдаж шийдвэр гаргаж байгаа нь төрийн шийдвэр ямар өрөвдмөөр, хүчгүй байгааг харуулж байна.

Хамгийн ноцтой нь, Засгийн газрын шийдвэрээр баталсан 1.3 сая фунт стерлингийг төрийн өмчит компаниудаас нэхэмжлэхдээ 1.6 сая фунт болгон нэмэгдүүлсэн явдал юм. Тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Засгийн газрын албан ёсны шийдвэрээс давсан өндөр дүнтэй мөнгийг нэхэмжилсэн асуудал энд яригдаж байна. Энэ бүхнийг ухаад үзвэл зөвхөн эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг төдийгүй Оюу толгойн далд уурхай болон Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбогдох асуудал юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаглалын үед "нууц" гэх тодотголтой гэрээнүүд хэрээс хэтэрлээ. Өмнө нь нүүрсний асар их хэмжээний гэрээнүүдийг нууцалдаг байсан бол одоо компаниудаас мөнгө татах ажиллагааг ч нууц байдалд гүйцэтгэж байсан баримтууд ил боллоо. Тиймээс эдгээр баримт нотолгоог ард түмэнд ил болгох үүднээс АТГ, ТЕГ, ЦЕГ-т тус тусын чиг үүргийн дагуу шалгуулахаар хандсан. Тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогийн гарын үсэгтэй баримтууд олноор олдож байгаа тул хууль хяналтын байгууллагууд энэ хэргийг үнэн зөвөөр тогтооно гэдэгт итгэж байна. Ямар шалтгаанаар эдгээр хүмүүсийн нэр холбогдсон, цаашлаад хэн энэ бүхнийг зохион байгуулсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болох ёстой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.