С.Амарсайхан: Онцгой байдлын эрсдэлийг бууруулахын тулд нийт 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Амарсайханаас Шадар сайдаар 5 жил ажиллахдаа яагаад тоног төхөөрөмжийг нь сайжруулаагүй вэ? талаар тодруулахад 3 настай хүүхэд осолдож амиа алдсан, 23 давхарт гал гарсан ч алинд нь тоног төхөөрөмж дутмагаас аврах ажиллагаа хүндрэлтэй байсан...

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гамшиг ослын тоо нэмэгдэж, сүүлийн таван жилийн хугацаанд онцгой байдлын алба 17 мянган дуудлагад ажиллажээ. Уур амьсгалын огцом өөрчлөлтөөс үүдэлтэй үер усны аюул, ган зуд, хүчтэй шуурганы давтамж ойртож байгаа нь иргэдийн амь нас, эд хөрөнгөд учрах хохирлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна.

Эрсдэлийг бууруулахын тулд бүх аймаг, сум, дүүрэгт аврах нэгжүүдийг байгуулах шаардлагатай бөгөөд үүнд нийт 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна. Өнөөдрийн байдлаар гал унтраах техникийн хангалт 63 хувь, тусгай хэрэгслийн нийлүүлэлт 48 хувьтай байна. Саяхан улсын төсвөөс 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн бөгөөд үүгээр гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээлэх систем болон агаараас эрэн хайх, гал унтраах техник хэрэгслийг үе шаттай шинэчлэхээр төлөвлөжээ.

Техник хэрэгслийн энэхүү шинэчлэл нь аврагчдын ажиллах нөхцөлийг сайжруулаад зогсохгүй, гамшгийн голомтод хүрэх хугацааг богиносгож, авран хамгаалах ажиллагааны үр дүнг бодит түвшинд ахиулах ач холбогдолтой юм. Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологи, дрон болон хиймэл дагуулын өгөгдлийг ашиглан эрсдэлийг эрт илрүүлэх нь хохирлын хэмжээг багасгахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Гамшиг ослоос сэргийлэх, эрсдэлийг бууруулах нь зөвхөн онцгой байдлын албаны ажил биш, салбар бүрийн оролцоо, стандарт, хариуцлагаас хамаарна. Тухайлбал, уул уурхайн цооног, нүх ухсан аж ахуйн нэгжүүд болон тэдгээрт хяналт тавих байцаагчид аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Иймд стандарт бус үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тавих хяналтыг чангатгаж, аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхой болгох нь нэн тэргүүний зорилт болоод байна. Хариуцлагагүй байдлаас үүдсэн ослын бурууг зөвхөн аврагчид руу чихэх нь өрөөсгөл бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтнууд хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Эцсийн дүндээ иргэн бүр гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэгтэй байж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ болзошгүй аюулаас сэргийлэх соёлд суралцах нь нийгмийн аюулгүй байдлын суурь үндэс болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.