Дуучин Psy сэтгэцэд нөлөөлөх эм хууль бусаар авсан хэрэгт холбогдож, хэрэг нь прокурорт шилжлээ
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын нэрт дуучин, реппер Psy эмнэлэгт биечлэн очилгүйгээр, гуравдагч этгээдээр дамжуулан сэтгэцэд нөлөөлөх эм авсан гэх хэрэгт сэжиглэгдэж, прокурорт шилжсэн талаар Сөүл хотын цагдаагийн газраас мягмар гарагт мэдээллээ.
Жинхэнэ нэрийг нь Пак Жэ Сан гэдэг тэрээр 2022 оноос 2025 оны хооронд Сөүл хотын нэгэн их сургуулийн эмнэлгээс Xanax болон Stilnox зэрэг сэтгэцэд нөлөөлөх эмүүдийг эмчийн үзлэгт оролгүйгээр авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Уг эмүүдийг түүний менежер болон бусад хүмүүс эмнэлгээс очиж авдаг байсан гэж үзэж байна. Сөүл хотын Сэдэмүн дүүргийн цагдаагийн газраас Psy, түүний менежер болон жорыг бичиж өгсөн эмч зэрэг нийт зургаан хүнийг эмнэлгийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр өнгөрсөн баасан гарагт прокурорт шилжүүлжээ.
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар өвчтөн өөрөө биечлэн ирээгүй тохиолдолд эм бичиж өгөхийг хориглодог байна. Xanax болон Stilnox нь нойргүйдэл, түгшүүр, сэтгэл гутралыг эмчлэхэд ашиглагддаг сэтгэцэд нөлөөлөх эмүүд юм. Эдгээр эмүүд нь донтох, хамааралтай болох өндөр эрсдэлтэй тул заавал нүүр тулсан үзлэг хийж, жор бичих ёстой байдаг ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.