Баруун аймгуудаар шороон шуургатай, төв болон говийн нутгаар +36 градус хүрч хална
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын зарим нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурах бол төв, говийн бүсийн нутгаар зуны халуун эрчимжихийг ЦУОШГ-аас анхаарууллаа.
2026 оны тавдугаар сарын 29-ний 08:00-20:00 цагийн урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хагаст үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор түр зуурын бороо орох бол бусад нутгаар хур тунадасгүй байна.
Салхины хувьд: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр салхилна. Алтайн уулархаг нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутгаар +14…+19 градус, Хангай, Хөвсгөл, Завхан, Заг-Байдраг голын эхээр +20…+25 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө голын хөндийгөөр +31…+36 градус хүрч хална. Бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчимд: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 5 градусаар дулаарч +27…+29 градус хүрнэ. Цаг уурчдын мэдээлснээр ойрын өдрүүдэд төв болон говийн бүс нутгаар хуурайшилт нэмэгдэх тул галын аюулгүй байдлыг онцгой анхаарахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.