О.Алтангэрэл: Хугацаа нь дууссан даргатай ҮХЦ-ээр хичнээн асуудал шийдүүлэх вэ?

Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сунгана гэж зааж өгсөн ч Ерөнхийлөгчийн тухай хуулинд 4 жилээр сонгоно гэх заалт одоог хүртэл байсаар байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэх ҮХЦ-ийн дүгнэлт гарсан. Энэхүү цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрх дууссан мөн нэг гишүүн дутуу байхад ҮХЦ-ээр асуудал шийдүүлсээр байгааг хөндөж, шүүмжиллээ. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: 

-Хугацаа нь дууссан даргатай цэцээр ер нь хэчнээн асуудал шийдүүлэх вэ. Ер нь хэд шийдүүлэх ёстой болоод байлгаад байгаа юм бол. Манай эрх баригчдад цэцээр шийдүүлэх асуулт хүслийн жагсаалт нь дууссан юм болов уу, дуусаагүй юм болов уу?

Аль ноднин жил хугацаа нь дууссан хүн тэнд алх цохиод л, асуудал шийдээд суугаад байдаг. Ийм байхад эргэлзээ төрнө шүү дээ.

Жишээлээд бодоход, 10 жилийн ЕБС-ийн багш хүн ажил мэргэжилдээ сайн хүүхдүүдээ шалгалтад сайн бэлддэг, аав ээж, хамт олны хайртай багш байсан ч 55 нас хүрээд тэтгэмжээ аваад шууд тэтгэвэрт гардаг. Гэтэл хамаагүй өндөр цалинтай, хамаагүй эрх мэдэлтэй, институцийн шинжтэй шийдвэр гаргадаг цэцийн гишүүн ингээд жил гаран байгаад байж болдог юм уу?  Үүнд чинь бухимдаад байгаа шүү дээ.

Ердөө есхөн хүнтэй ҮХЦ-ийн нэг гишүүн дутуу, нэгнийх нь хугацаа дуусчихсан.

Харин тэр Ерөнхийлөгчийн хуультай холбоотой зүйлүүд дээр бид нар идэвхийлэн ажиллах ёстой. Яг үнэндээ энэ Цэцийн гишүүдийг томилох өнгөрсөн жилийн хурал юу боллоо. УИХ буюу бид өөрсдөдөө бас хариуцлагатай байх ёстой.

МАН-ын дарга хэн болох вэ, хэн нь УИХ-ын дарга болох вэ, Ерөнхий сайд нь огцрох уу огцрохгүй юу гэж хэрэлдсээр байгаад л намрын чуулган дууссан шүү дээ. Энэ хэрүүл хараал дууссан бол одоо эмх цэгцэндээ орж, цэцийн гишүүнээ томилмоор байна. УИХ-аас өөр Цэцийг ярих газар байхгүй шүү, Бямбацогт дарга аа!

Өвөг дээдсийн маань хэлсэн үг ч байна. Монголын нууц товчоон дээр Бодончармунхаг "бие түрүүтэй дээл захтай нь сайн" гэсэн.  Одоо УИХ хууль тогтоох дээд байгууллага болохынхоо хувьд энэ улсад болохгүй бүтэхгүй байгаа зүйл, нэнялангуяа институцийн шинжтэй асуудлыг бид засах ёстой.

Тэгэхээр, Бямбацогт дарга аа,  шилдэг тэргүүний хүн хайж байгаа тэр асуудлаа хурдлаад хэдүүлээ хүнээ томилъё! Тэгэхгүй бол ҮХЦ дахиад хэдэн захиалга гүйцэтгэхийг нь мэдэхгүй, юу хийх нь мэдэгдэхгүй ийм хүнээр язгуур эрх ашгийн асуудлыг шийдүүлээд баймааргүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.