Сэтгүүлч С.Батзаяа: Хэдэн зуун тэрбумаар нь үргүй зарж чаддаг дарга нарт хэдэн ширхэг гал унтраагч дрон авчих сэтгэл байхгүй л дээ…

Сэтгүүлч С.Батзаяа: Хэдэн зуун тэрбумаар нь үргүй зарж чаддаг дарга нарт хэдэн ширхэг гал унтраагч дрон авчих сэтгэл байхгүй л дээ…
Өчигдөр буюу 2026.05.27-ны өдөр Цэнгэлдэх хотхоны 23 давхарт гал гарсан. Онцгой байдлын аврагчид хурдан ирсэн ч 9 давхраас дээш сунадаг шат байхгүйн улмаас аврагчид болон оршин суугчил олноороо угаартсан асуудал гарсан юм. Уг асуудлаар сэтгүүлч С.Батзаяа бичжээ. 
Сэтгүүлч С.Батзаяа:
 
-Их наядаар нь мега төсөл гэж наадаж, хэдэн зуун тэрбумаар нь үргүй зарж чаддаг дарга нарт хэдэн ширхэг гал унтраагч дрон авчих сэтгэл байхгүй л дээ. Нэг ширхэг нь тэрбум 400 сая. Гааль тээвэртэйгээ 2 тэрбум л болно. Авах, хийхээ зөв эрэмбэлж мэддэггүй, тэгэж сураагүй дарга нар ийм дрон энэ тэр байдгийг мэддэг ч үгүй байх. Өндөр давхраас хүн буулгачих ганц нисдэг тэрэггүй л байна шүү дээ.
 
Өнөөдөр ийм юм болсон:
 
-Авраарай, туслаарай хурдлаарай гэж байнга орилох хүүхдийн дуунаар дор байгаа ээжүүд хямарч уйлаан майлаан болсон ч юу ч хийж чадахгүй. Анх утаа гарч эхэлсэн 20 давхрын зүүн урд цонхноос тал цээжээрээ доошоо тонгойж аврал эрж хашгирч эхэлсэн хүүхэд ухаан санаа нь орж гараад эхлэв бололтой "Ээж аавтай залгаад яриад өг. Би ус уумаар байна" гээд нэг жижиг хар юм шидчихлээ. Утас нь байсан байх. Ганц нэг эмэгтэйчүүд орны бүтээлгээ аваад гараад ирж.
 
-Гал команд хурдан ирсэн ч шатаа нэг өргөж, нэг буулгаж, дахиад нэг өргөж буулгалаа. 9 давхраас дээш сунадаггүй юм байна. 2 дахиа өргөж үзэхээр гэнэт илүү суначихна гэж байхгүй биз дээ?
-Тэр хооронд онцгойгийн залуус нуруундаа юм үүрээд шатаар дээшээ гарахаар орцгоолоо. 5 давхрын айлын хүн гарч ирэхдээ, орцонд юм харагдахгүй, хоолой амьсгал боогдож байсан гэхээр утаа хэр байсан нь ойлгомжтой.
 
-Гэнэт дахиад нэг эрэгтэй хүн чангаар "Авраарай " гэж орилж эхэллээ. 23 давхрын баруун хойд цонхон дээр хүүхдээ хүзүүндээ авсан залуу биенийхээ талыг гаргаад суучихаж. Үсрэхэд бэлэн харагдлаа. Бурхан минь!
 
-Орцноос нэг хүү, нэг залуу хоёр гүйж гарч ирлээ. Залуугийн нүүр пад хар, хоёр алга нь түлэгдсэн, гуталгүй байв. "Ах нь хүүхдээ аврах гээд дотогшоо орсон. Орцонд юу ч харагдахгүй байна. Тэмтрээд зүтгэлээ" гэж хэлээд огиж эхэлсэн тул эмч түргэний машин руу орууллаа.
 
-Байрны нэг давхрын үйлчилгээний байгууллагын охидууд цэвэр ус гаргаж ирж гал, онцгой, түргэнийхэнд тарааж байлаа.
-Хажууд уйлаад зогсож байсан бүсгүй байн байн утсаараа дөхөж байна уу гэж асууна. 23 давхрын бүсгүй ирж яваа юм байна. 2 настай хүүхэд нь, хүүхэд хардаг хүнтэй нь гэртээ үлджээ. Тэр цонхноос хар утаа битүү олгойдож байв.
 
-9 давхрын цонхон дээр 3 жаахан нялх юм зогсож байв. Хүүхэд, хөгшид л өдрийн цагаар үлддэг дээ.
-Аз болж энэ байшин Базальтын чулуун хөвөн доторлогоотой юм байна.
-Хүмүүсийг гаргаж дуусаад онцгой, галынхан гарч ирлээ. Огисон, ханиасан, утаа тортог, хөлс болсон нүүртэй. Эвий дээ хорьтой л болов уу, ихэнх нь.
 
-Галын машин ард нь тулж ирээд бачуураад сигналдаад байхад шахаад зай тавиад өгчихдөггүй малан эргүү оркууд хотоос зайлаарай! Эд нарыг торгодог бол!
 
-Оршин суугчид аваарын шатаа гэнэт санаж эхэлцгээлээ. Ихэнх нь юм тавиад хаачихсан байгаа гэнэ.
 
Шадар сайд, хотын дарга нар аа! Аюул ойрхон байлаа даа өнөөдөр!
 
Жич: (Зураг авсан ч шейрлэж чадахгүй нь. Энэ хятадын EHang 216 гэдэг дрон. 400 гаруй мянган доллар юм билээ)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.